Увсын хоёр &#34буруутай, буруугүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Увсын хоёр &#34буруутай, буруугүй&#34

 УВСЫН ХОЁР ГИШҮҮН БУРУУТАЙ

-ТЭДНИЙ ТУСЛАХУУДЫГ БУРУУТАЙ ГЭДГИЙГ ДЭЭД ШҮҮХ ТОГТООВ-

Увсын тойрогт Ардын намаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүн болох Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг ойлгогдоод байх юм. Ёстой нөгөө Хүрлээгийн эргэлзээ шиг л. Шүүхээс гаргасан шийдвэр ард түмэнд ойлгогдохдоо ийм эргэлзээг төрүүлээд байгаа юм. Уг нь Дээд шүүхээс тэднийг буруугүй гэчихсэн байдаг. Гэтэл үүний дараахан Дээд шүүхээс Увс аймгийн Ардын намын дэд дарга Н.Жамсран нарын гурван хүн, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслахаар ажиллаж байсан УИХ-ын байнгын хорооны референт Ш.Чинбат нарт давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргах нь тэр. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн Ардын намын дэд дарга Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх нарыг малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэм буруутай нь нотлогдсон. Мөн хоёр гишүүний туслахууд болох Я.Баттогтох, Ш.Чинбат нар оюутнуудын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан нь нотлогдсон учраас хөдөлмөрийн хөлсийг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн. Үүнийг нь Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Нэг үгээр хэлбэл хууль зөрчсөн гэдгийг нотолж, буруутайг нь тогтоочихсон гэж байгаа. Хамгийн хачирхалтай нь Дээд шүүх дарга нарыг нь буруугүй, туслахуудыг нь буруутай гэв. Шүүхийн шийдвэр хууль байх ёстой ч гэлээ дарга нь туслахдаа үүрэг өгдөг биш бил үү. Ийм байтал УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар буруугүй үлдэж парламентын танхимд сууж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шүүхийн шийдвэрийг хүн­дэт­гэх ёстой. Гэхдээ нэр дэвшигчид нь зөрчил гаргаагүй гээд УИХ-д сууж байдаг. Тэдний туслахууд нь мөнгө тараасан гээд нэр дэвшигчидтэйгээ огт хамаагүй юм шиг ийм хоёрдмол заалт гарч байгаа нь өнөөдрийн хууль эрх зүйн орчин ямар байна вэ гэдгийг яаруу тодоор нотолж байна гэж ойлгож байгаа” гэсэн. Түүний энэ үг оргүй биш юм. Шүүхийн шийдвэр өнөөдөр хоёр янзаар ойлгогдож байгаа нь бодит үнэн. Дээд шүүхээс гарсан шийдвэрийг хоёр өөрөөр тайлбарлаж, олон нийтэд тэгж ойлгуулаад байна. Одоогоор бол Дээд шүүхийн шийдвэр гарчихсан. Тэгэхээр Увсаас сонгогдсон хоёр гишүүний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгох эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэх учиртай. Тэдний энэхүү маргаан санал хураалт болохоос өмнө болсон учир УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчийн үнэмлэхийг нь хүчингүй болгож, дараагийн 28 хувиас дээш санал авсан хүнийг оруулж ирэх асуудлыг ярина. Хэрэв Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгочихвол Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар парламентын танхимд орж ирж мэднэ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь шүүхийн шийдвэр гарсан ч албан ёсоор ирээгүй. Тиймээс манайд одоогоор хамаагүй гэчихсэн байгаа. Гэсэн хэдий ч тэдний буруутай эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэх ёстой. Ямартай ч Увсад Ардын намаас нэр дэвшсэн хоёр гишүүн буруутай байх шалтгаан бий. Шүүх тэдний туслахуудыг хууль зөрчсөн гээд үзчихээд байхад шүү дээ.  

Сэтгүүлч: Ц.ЭНХЦЭЦЭГ

УВСЫН ХОЁР ГИШҮҮН БУРУУГҮЙ

-ТЭДНИЙ БУРУУГҮЙГ ДЭЭД ШҮҮХ ТОГТООСОН-

Хоёр ч шатны шүүхээс Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн буруутгагдаад байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг буруугүй гэдгийг Дээд шүүх тогтоолоо. Тодруулбал энэ сарын 1-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын хэргийг хянасан юм.

Нэхэмжлэгч тал болох  АН-ынхан МАН-аас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Дээрх нэхэмжлэлийн дагуу Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн үзсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосныг хүчингүй болгож, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ даалгасан байдаг. Давж заалдах шатны шүүхээс өөрсдийнх нь эсрэг шийдвэр гарсан болохоор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарын өмгөөлөгчид Дээд шүүхэд гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч тал болох АН-ын нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, УИХ-ын 15 дугаар тойрогт холбоотой асуудлуудыг СЕХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгч тал болох АН-д хариу өгсөн байна үзсэн. Өөрөөр хэлбэл дээрх тойргийн маргааныг СЕХ хянадаг. Тухайн үед нэхэмжлэгч тал болох АН МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзээд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг хүчингүй болгуулах талаар СЕХ-нд хандсан. Гэвч СЕХ Б.Чойжилсүрэн нарын нэрийг хасаагүй. Харин энэхүү асуудлыг Дээд шүүх хянаад СЕХ-г бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Тэгэхээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хуулийн дагуу өрсөлдөн УИХ-ын гишүүн болсон гэдгийг хууль хяналтынханд гурван ч удаа хэлэлцэн тогтоосон юм.

Сэтгүүлч: Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж