
МАН-ын буянаар УИХ-д олон удаа сонгогдож, хоёр ч удаа төрийн сан хөмрөгийг атган суусан, намдаа дархлагдаад байсан нэгэн бол Ч.Улаан. Энэ улстөрчийн үзэл бодол, ухаан санаа өдий болтол цэгцрээгүй яваа нь аймаар. МАН-аас урваж, МАХН-д дагаар орж, М.Энхсайханыг жийж, сүүлд МАХН-ын дарга болохоор улайрч байсан гээд түүний талаар чихэнд чимэгтэй үг сонсогдох нь үгүй. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгчийн үгэнд эгдүүцсэн МАН-ынхан, МАХН-ынхныг дагуулан чуулганы танхимаас гарч одоход Ч.Улаан харин юу ч болоогүй мэт сууж үлдсэн нь ёстой л тоон доторхи үсэг шиг харагдаж байв. Ерөнхийлөгчийн үг түүнд тэгтлээ таалагдсан уу, аль эсвэл Сангийн сайдын суудал нь түүнийг хөдөлгөсөнгүй юу. МАН, МАХН-ынхан Ч.Улааны энэ улайдаггүй занг тэвчиж чадахгүй гэдгээ илэрхийлж, дургүйцэж байгаа сурагтай. Алтан тушаал, эрх мэдэл гэдэг хувь хүний үзэл бодлыг ингэтэл нь өөрчилчихдөг эд. Сайдын сэнтийдээ сууж үлдэхийн тулд АН-ыг дэмжиж, бүр түшихээр шийдчихсэн юм биш биз. МАН-ын дарга Н.Энхбаяр даргынхаа ажлыг хийж чадахаа больсон, намын даргаа солих шаардлагатай боллоо гэх үгийг ил, далд илэрхийлж яваа ч гэх юм билээ. Болж өгвөл намын дарга болчих санаатай, болохгүй бол төрхөмдөө буцалтай биш өөр намыг бараадах санаатай яваа ч юм бил үү. МАН, МАХН гар барилцаж, нэгдэж нийлж магадгүй болсон энэ үед Ч.Улаанд энэ нэгдэлд орон зай бараг үгүй болно гэдгийг хашир улстөрч гадарлачихаад хаяагаа манаж суугаа ч байж мэдэх юм. Одоо цагийн ноёдын урваж шарвах нь хүүхдийн тоглоом болсон юм хойно доо.
Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
