
Хаврын чуулганы нээлтийг өндөрлүүлж чадалгүй Төрийн ордныг орхисон УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд цугласан жагсагчидтай нэгдэн Засгийн газрыг огцрохыг шаардаж, эрх баригчдад шаардах бичиг хүргүүлэв. Засгийн газрыг огцруулах болсон шалтгааны тухайд нэгд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн төдийгүй Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан найман сарын хугацаанд улс орны хөгжлийг түүчээлэх дорвитой ажлыг эхлүүлээгүй. Хоёрт, бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд 780 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд дөрвөн хувийн хүүтэйгээр зэлүүлсэн ч үр дүн гараагүй, хэдхэн тооны аж ахуйн нэгж, цулайснаар юмны үнэ өссөн. Мөн төрийн албан хаагчдыг намын харьяаллаар нь ялгаварлаж ажлаас чөлөөлсний зэрэгцээ бүтэц нь данхайж төрлийн алба болж өргөжсөн. Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унасны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 орчим хувиар буурсан зэрэг нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байна хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс цөөнхийн бүлгээс тавьж буй шаардлагын хүрээнд шууд гараа өргөөд буугаад өгчихгүй бололтой. Наад зах нь мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан “Төлбөртэй” гэсэн тодотгол дор өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнгөрсөн амралтын өдрүүдэд идэвхитэй сурталчлав. Хачирхалтай нь, хийж хэрэгжүүлсэн ажлаа зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр нар л тайлагнаж бусад сайд нь нуувчинд орсон нь сэжиг төрүүлнэ.
МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хүчтэй тавьж байгаа бол МАХН-ынхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шийдвэрийн бичгийг энэ долоо хоногт бэлэн болгож УИХ-д өргөн мэдүүлэхээ хэвлэлийнхнээр дамжуулан дайв. Хоёр нам нэгдээгүй боловч Засгийн газартай тооцоо бодох зорилго нэг зүгт хөтлөх болсныг огцруулах асуудал ийнхүү нотлох. МАХН-ынхны хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах үндэслэл тавих болсон шалтгааныг салбараа удирдаж чадахгүй байгаагаас гэмт хэргийн гаралт өссөн гэдэг үзүүлэлттэй холбож байна. Мөн гэмт хэргийн гаралт өссөнөөс эрдэнэт хүний амь эрсдэж байна гэж үзжээ.
Уг нь шинэчлэлийн Засгийн газрын сайдууд дотроос хамгийн эрсдэлтэй салбарт ажиллаж олон жилийн бугшсан хэргүүдийн сэжүүрийг гаргаж, төрийн төсвийн олон зуун тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэмт этгээдүүдийг илрүүлэхэд нөлөөлж байгаа хүн нь Хууль зүйн сайд. Гэвч төрөөс төрсөн тэрбумтнуудыг илрүүлж зохих шийтгэлийг ногдуулах нь МАХН-ынхны хувьд эвлэрч үл болох ёс зүй бололтой, тиймдээ ч Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг МАХН-ын гишүүд УИХ-д өргөн мэдүүлж, огцруулах кноп дарах үед МАН-ынхан хүч нэмэхээр тохиролцоо хийсэн тухай яриа улстөрийн хүрээнийхэн дунд өрнөж байна. Угсраад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал УИХ-д орж ирэхэд МАХН-ынхан ач хариулж гараа өргөж дэмжих юм байх. Одоогийн байдлаар УИХ-д МАН-ынхан 25 гишүүнтэй бол МАХН-ынхан зургуулаа. Нийлээд 31 кноп. Харин УИХ 74 гишүүнтэй, хоёр хүчин яаж ч зүтгээд огцруулах талд шийдвэр гаргаж чадахгүй болж байгаа юм. Гэхдээ нэг сонирхол татах яриа ид хүчээ авч байна. Ардчилсан намынхан дунд Засгийн газрыг унагаж, шинэ Засгийн газрыг эмхлэх сонирхолтой фракц бий аж. Тэр нь “Шонхор”. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан тушаалаас нь огцруулсан нөхцөлд УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрыг эмхэлнэ гэх. “Шонхор” фракцийн бүрэлдэхүүнд багтах Ж.Батзандан гишүүн үе үехэн Засгийн газрын үйл ажиллагааг хурцаар шүүмжилж, цаг нь ирэхэд огцруулах шаардлага тавихад буруудах юмгүй гэх байр суурийг илэрхийлэх болсноос харвал хувьсгалын тохироо бүрдсэн нөхцөлд МАН, МАХН-ынхны огцруулах асуудалд хувь нэмэр оруулж кноп дарах гишүүд энэ мэтчлэн гарч ирэх бололтой. УИХ-ын даргын хувьд Засгийн газарт сэтгэл гонсгор явах болсон нь Төрийн өмчийн хорооны даргаар өөрийн хүнээ тавихаар санал болгоход нь Н.Алтанхуягийн танхим дэмжээгүйн дээр “Эрдэнэт”,үйлдвэр “Монгол росцвемтэт” нэгдэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, МИАТ компани зэрэг үнэ цэнэтэй газруудад хүнээ байршуулж чадаагүй нь эрх мэдлийн тулаанд ороход хүргэсэн бололтой. Тэгэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МоАХ-н, “Шонхор”-той хүчээ нэгтгэн намын даргыгаа огцруулахаар хүчтэй тэмцэл өрнүүлж байсан ч санасандаа хүрч чадаагүй гэдэг. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тэр тусмаа “Алдан гадас” фракцийг унагана гэдэг амар ажиллагаа биш байж мэдэх ч Засгийн газар ганхаж эхэлж байна.