Х.Тэмүүжинг огцруулах үндэслэлийг дэд сайд нь боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжинг огцруулах үндэслэлийг дэд сайд нь боловсруулжээ

Ийм үлгэрийн юм шиг хэрнээ үнэн зүйл МАХН-ын дотоодод л болдог байх даа. Өнгөрөгч баасан гаригт болсон хаврын чуулганы нээлт араасаа нэлээд олон “онигоо” дагуулах бололтой. МАН-ын даргын хэлсэн “Мах 1200”-гаас авахуулаад. Тэдгээрийн дэргэд С.Баярцогтын Швейцарийн банкинд мартсан 1600 евро ч юу юм бэ л болж байна.

Хаврын чуулган эхлэхээс хоёр хоногийн өмнө УИХ дахь Монголын Алдартай Хувьсгалт Намын /МАН-ынхан хуучин нэрээ сэргээж, МАХН гэдэг нэрийг хэн ч хэрэглэх аргагүй болгосны дараа Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар ийм нэрээр намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн ч одоо түүнийг нь сөхөж ярьдаг хүн байхгүй болж/ гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийнхэнтэй сэм уулзалдаж, “Хаврын чуулганы эхэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг оруулья” хэмээн тус намын бүлгээр дэмжүүлэх гэж үзсэн байдаг. Харин Засгийн газарт тэднийг төлөөлж байгаа “Шударга ёс” эвслийн нөгөө нам болох МҮАН-ынхантайгаа бол энэ талаар “А” ч дуугараагүй гэж байгаа юм. Энэ байдлаас нь харвал хэл ам, хэрүүл тэмцэлтэй салсан МАН, МАХН хоёр эргээд нэг уутандаа орж байгаа бололтой.

Гэсэн хэдий ч УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Хууль зүйн сайдыг огцруулахаар тавьсан тэдний үндэслэлийг дэмжээгүй байна. Огцруулах үндэслэл гэдэгтээ Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудал, Ш.Батбаярын /Баавар/ хорих ангийн саатуулах өрөөнд гал тавьж түлэгдсэн зэргийг “хүний эрхийн зөрчил” хэмээн үзэж, мөн ТТАХНЭ-ийн барилгыг хуулийн байгууллагуудын оффис болгон өөрчилсөн зэргийг дурьдсан хэдий ч огцруулах гээд байгаа гол шалтгаан нь намын даргаа ялаас чөлөөлж чадаагүйтэй холбоотой гэдгийг сохор хүн ч нэвт харахаар. Үүнийхээ ч баталгаа болгож, Хууль зүйн дэд сайдын албан тушаалыг намын томилолтоор авчихаад намынхаа даргыг ялаас мулталж чадаагүй Э.Эрдэнэжамьян сайд дээр бас нэгэн давхар “ял” төлөвлөжээ. Тодруулбал, Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахаар тус намаас ажлын хэсэг байгуулж, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянаар асуудлыг боловсруулуулахаар үүрэг өгөгдсөн байна. Дотор нь ажиллаж байгаагийн хувьд салбарынхаа талаар илүү мэдээлэлтэй байгаа гэж тооцсон хэрэг биз. Мань хүн ч үүнийгээ “Намын даргынхаа өмнө өрөө төлөх сүүлчийн ганц боломж” хэмээн үзэж, үг дуугүй хүлээж авсан бололтой.

Угаасаа ч Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян хоёрын хувьд Засгийн газарт орсон цагаасаа эхлэн намын дарга, даргын эхнэр хоёрт хараалган барин Н.Энхбаярын төлөө хуультай, хуульгүй юу эсийг хийсэн билээ дээ. Тэр тусмаа Э.Эрдэнэжамьяны ху­вьд Интерпол руу илгээ­сэн захидлаасаа болж “Ал­бан тушаалаа урвуулан ашиг­­ласан, хэргийн мөрдөн шал­галтад санаатайгаар саад уч­руул­сан” гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж, хэрэг нь хэзээ мөдгүй шүүхэд шил­жихэд бэлэн болоод бай­гаа. Товчхондоо түүний Интер­полын нарийн бич­гийн дар­­гад явуулсан “Н.Энх­баярын дүү Н.Энхтуяа, Н.Энх­баярын туслах /Одоо БОНХЯ-ны дэд сайдын алба ха­шиж байгаа/ Б.Тулгын дүү Б.Хуяг нарыг эрэн сур­валжлахаа зогсоож өгнө үү” гэ­дэг хүсэлтээ Хууль зүйн дэд сайдын нэрээр бичсэнээс болж хэргийн мөрдөн шал­галт нэг хэсэгтээ зогсоход хүр­сэн билээ. Учир нь бусад улс орны хувьд прокурорын бай­­­­гууллага нь Хууль зүйн яамныхаа шууд харьяанд бай­даг, Хууль зүйн сайд нь Ерөнхий прокурор байдаг аж. Тиймээс Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяны хүсэлтийг Интерпол проку­рорын бай­гуул­­лагаас тавьж байгаа хү­сэлт юм байна хэмээн хүлээж авсан аж.

Тиймээс энэ явдлын да­раа буюу өнгөрөгч гурав­дугаар сард Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн биеэр Интерпол руу захидал явуулж, “Монгол Улс Үндсэн хуулийн системийн хувьд бусад улс орноос өөр, прокурорын бай­гууллага Хууль зүйн яам­­наасаа ангид байдаг. Тиймээс энэ чиглэлийн харил­цаа холбоо тогтоох эрх нь зөвхөн Хууль зүйн сайдад бий. Манай дэд сайдын ху­вьд ийм эрх мэдэл байхгүй тул танай байгууллагын ажилд хүндрэл учруулсандаа хүл­цэл өчиж байна. Дээрх хү­мүүсийг Интерполоор эрэн сурвалжлуулахаар тавь­сан бид­ний эхний хүсэлт хэвээ­рээ. Манай дэд сай­­дын хувьд албан тушаалаа ур­вуулан ашигласан хэргээр АТГ-т эрүү үүсгэгдэн шал­гаг­даж байгаа нь үнэн” гэдэг зал­руулгыг хийхэд хүрсэн билээ.

Нөгөө талаас Засгийн газар гэдэг танхимын зарч­маар ажилладаг. Дэд сайд Э.Эрдэнэжамьяны хувьд хэдий­гээр өөр намынх байлаа ч гэсэн сайдынхаа эсрэг ажил­лаад, огцруулах үндэслэл би­чээд явах ёс суртахууны эрх, улс төрийн үүрэг байхгүй учир өөрөө өөрийнхөө унах нү­хийг малтаж байгаагаас өөрц­гүй болж байна. Тиймээс МАХН-ын гишүүд өнгөрөгч баасан га­­­ригт хэвлэлийн бага ху­рал хийж зарласанчлан Хууль зүйн сайдыг огцруулах үндэс­лэлээ энэ долоо хоногт УИХ-д оруулж ирлээ гэхэд УИХ энэ асууд­­­лыг хэлэлцэхээс өм­нө Засгийн газар дээр Хууль зүйн дэд сайдын асуудал /учир нь дэд сайдыг Засгийн газ­­раас томилдог/ түрүүлж яриг­­­даж таарна. АТГ-т шал­гаг­даж буй хэрэг нь шүүхээр ший­дэгдэхийг хүлээх ч шаард­лагагүй болж байна. Өөрөө унасан хүүхэд юу гэдэг би­лээ. Гуч гарсан эр хүнийг ямар “Хөгшчүүлийн тоглоом бол­лоо, хайран хүүхэд” гээд өрөв­дөөд өнгөрөлтэй ч биш дээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж