Нийтийн тээврийнхний эгэл амьдрал

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхний эгэл амьдрал

“..Гэртээ харихаар хэдэн хүүхэд маань хоол нэхээд ангалзаад сууж байгаа. Хүүхдүүдийнхээ нүдийг бүлтийлгээд өлсгөж цангаагаад байлтай биш дээ. Аль болох л хэдэн төгрөг ахиу олохыг боддог” гэж том оврын автобусны жолооч нар ярьж байна. Тэд ч бас бидний л адил ар гэртэй, амьдрал ахуйтай, аавыгаа хүлээсэн хүүхдүүдтэй хүмүүс билээ.

Эртэч “болжморууд” бол нийтийн тээврийнхэн Нийслэлд өдөр тутам 24 аж ахуйн нэгжийн 900 орчим том оврын автобус бидэнд үйлчилдэг юм байна. Тэдний ажил өглөө 05.30 цагт автобусны парк дээр ирэхээс эхэлдэг бөгөөд хамгийн эхний автобус 06.30 гэхэд иргэдэд үйлчилж эхэлдэг аж. Автобусны цонхны урд талд 11, 13 эсвэл нэг зэргээр том тоо наачихсан байдгийг та санаж байна уу? Энэ нь автобусны паркаасаа гарсан гарааных нь тоо байдаг ажээ. Хэрэв хамгийн эхний автобус болж гарсан бол нэг гэж бичсэн байх жишээтэй.

Хүний хөл татарч, ажил, сургуулиасаа гэртээ харих иргэд багасаад ирэхээр хамгийн эхний автобус нь 19 цагаас эхлэн бууж эхэлдэг байна. Ийнхүү 20, 21 цаг гэх мэтээр автобуснууд цөөрсөөр хамгийн сүүлийн автобус 22 цаг гэхэд эцсийн зогсоолдоо хүнээ хүргэж, паркруугаа явдаг аж. Биднийг өглөө ажилд маань хүргэж, орой гэрт буулгадаг автобусны жолооч, мөнгө хураагч нарын ажлын цаг хүмүүсийг дуг нойрондоо автаж байх үед буюу үүрийн 05 цагт эхэлдэг.

“Автобусны жолооч, мөнгө хураагчийн ажил хүнд шүү. Тэдний ихэнхи нь захын хороололд амьдардаг. Дээр нь цалин мөнгө  бага. Бид нар энэ хэдийнхээ аашийг нь бүр мэддэг болчихсон. Аль болох торгууль, төлбөр тавилгүй гарсан зөрчлийг нь арилгуулахыг боддог” гэж Тээврийн хяналтын улсын байцаагч И.Эрдэнэцэг хэлж байсан юм. Жолооч нар  ихэвчлэн ямар зөрчил гаргадагийг тодруулахад, “Цагаараа явахгүй байх, гүйцэт бүтэн эргэлт хийлгүй замын дундаас буцах, стандартын шаардлага хангахгүй байх зэрэг зөрчил  олон давтагддаг” гэж байв.

Ер нь нийтийн тээврийнхэнийг дагасан хэл ам тасардаггүй. Жолооч нар нь мэргэжлийн бус, ур чадваргүй, мөнгө хураагч нь соёлгүй бүдүүлэг гэж шүүмжлэх хүн олон. Дээр нь тус салбар мэргэшсэн жолоочийн хомсдолд ороод байгаа бөгөөд ялангуяа хавар болж зам, барилгын ажил эхлэхээр хамгийн ур чадвар сайтай, олон жил ажилласан жолооч нар нь тийшээгээ урвадаг гэж байсан.

Нийтийн тээврийн автобусыг зарим хүмүүс галзуу хулганатай зүйрлэж байхад, нөгөө хэсэг нь автобусандаа дүүртэл нь хүн чихдэг учир хэлбэр нь үлээсэн гүзээ шиг хэмээн шоглодог. Ийнхүү явган шог “амилсан” нь инээдтэй ч нөгөө талаасаа нийтийн тээврийн ачаалал ямар их байдгийг харуулж буй хэрэг юм. “Алдагдалтай ажиллаж байгаа, үнээ нэмнэ” хэмээн айлгадаг нийтийн тээврийнхний зовлон үнэхээр их байдгийг би өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Тээврийн хяналтын улсын байцаагч Д.Тумбааш, И.Эрдэнэцэг нарыг дагалдан, тэдний ярьж заншсанаар “их буулт” буюу  орой автобуснуудыг хэсэг, хэсгээр нь шалгаж, буулгах ажилд явахдаа ойлгосон билээ. Тийм ээ, нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч нарыг өмөөрөх шалтгаан надад байна.

Мөнгөний төлөөх өрсөлдөөн осол руу турхирдаг

Социализмын үед том оврын автобусны жолоочийг жил гаруй сургалтад хамруулж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгээд, цалин хангамжийг нь хангалттай өгч ажиллуулдаг байсан. Гэтэл өнөөдөр манайд ийм боломж, бололцоо, тогтолцоо нь байхгүй, жолооч нарын хүрэлцээ муугийн дээр ажлын ачаалал их байдаг учир ачааллаасаа үүдэж жолооч нарын самбаачлах чадвар удааширч, анхаарал буурдаг нь ослын нэг үндэс болж байна гэж улсын байцаагч нар ярьж байсан. Ийм асуудал үнэхээр гардаг эсэхийг “Блю бус” компанийн жолооч Ц.Оргилсайханаас асуухад “Жолооч нар ихэнхи тохиолдолд хоёр өдөр уртаар гараад нэг өдөр амардаг. Ачаалал ихтэй байдаг нь үнэн” гэв.

Жолооч нар яагаад осол гаргах нь ихсээд байгааг байцаагч нараас лавлахад “Гарч байгаа зөрчлүүд бүгд орлоготой холбоотой”. Учир нь, эргэлт тутамд орлогын төлөвлөгөө тавьж, түүгээрээ шахдаг. Тэгэхээр жолооч нар аль болох таван хүн илүү авахын төлөө хоорондоо уралдаж, “босс”-ынхоо тушаасны дагуу заасан мөнгийг нь олохын тулд хоорондоо багахан хэмжээний “дайн” өрнүүлдэг гэсэн юм. 

Үүний зэрэгцээ автобусны чиглэл нэмэгдэж буйтай холбоотойгоор шугамын давхцал өсч, автобусны тоо ч хоёр жилийн өмнөхийг бодоход 20 орчим хувиар нэмэгдсэн” гэж Тээврийн хяналтын улсын байцаагч Д.Тумбааш хэлсэн нь анхаарууштай тоо баримт байлаа. Нийслэлийн сургууль, эмнэлэг, захиргааны бүхий л үйлчилгээ хотын төвдөө байдаг учир шугамын давхцал нэмэгдэж, автобусны тоо өссөнөөс олох орлого багассан атал компаниас эргэлт бүрт тооцож авах орлогын төлөвлөгөөг хасах биш, харин ч нэмэх болсон нь жолооч, кондукторуудад хамгийн том дарамт болж байгаа юм байна. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллачихаад сарын цалингийнхаа ихэнхийг нь эргэлтийн мөнгө хүрээгүй хэмээн компанидаа өгчихөөр бид яаж амьдрах юм бэ хэмээн гомдоллох жолооч, мөнгө хураагч цөөнгүй байсан.

Тухайлбал, “Блю бус” компанийн мөнгө хураагч Н.Цэрэнханд “Би 17 жил мөнгө хураагчаар ажиллаж байна. Миний үндсэн цалин 300 мянган төгрөг байдаг ч өнгөрсөн хоёр, гуравдугаар сард нийт цалингийнхаа 30 хувийг орлого дутаасан гэсэн шалтгаанаар компанидаа төлсөн” гэв. Жолооч нараас ч сард 150 орчим мянган төгрөгийн цалин авч, эхнэртээ хөөгдөхдөө тулаад байна гэж хэлэх хүн нэлээдгүй байв. Ажил хийж цалин авах биш харин ч эсрэгээрээ компанийн алдагдлыг нөхөх мөнгийг төлж амьдарна гэдэг амаргүй.

“Бид өдөрт 6-7 рейс хийдэг. Ингэхдээ компанийн зүгээс нэг рейсэнд 45 мянган төгрөг байх ёстой гэж тогтоодог. Хэрэв үүнээс мөнгө нь дутвал бидний цалингаас хувилж, мөнгөө тооцож авдаг” хэмээн гомдоллох хүмүүс ч байв. Нэг эргэлтэд 49 мянган төгрөг хүргэх үүрэг компаниас өгсөн байдаг ч тэд энэ эргэлтээсээ 35-40 мянган төгрөг олж байгаа гэдгээ учирлаж байх аж. Ганц “Блю бус”  компани ч биш хувийн бусад компаниуд бас л жолооч, мөнгө хураагчдаа энэ ялыг үүрүүлдэг гэдгийг жолооч нар ярьж байсан юм. Үнэхээр автобусны компаниудын зүгээс ажилчдаа мөнгөний дарамтад оруулж, цалин хөлснөөс нь шууд хувилж авч байгаа нь хэрээс хэтэрсэн хэрэг  биш гэж үү?  

Мөнгөө төлөх “хоншоортой”  байя

Автобусанд суусан арван хүний дөрөв нь л мөнгө  төлдөг гэвэл та итгэх үү. Тэгвэл манайд оюутны, өндөр настны, группын гэсэн үнэмлэх нэмэгдсээр байгаад үнэгүй зорчдог хүмүүс нийт үйлчлүүлэгчдийн талаас илүү хувьд хүрсэн байдаг аж. Гэтэл сүүлийн үед үнэгүй явдаг хүний тоо өмнөхөөсөө эрс нэмэгдсэн гэнэ. Үүний шалтгааныг “Блю бус” компанийн мөнгө хураагч М.Цэрэнханд “Өндөр настаны үнэмлэхийг хоёрдугаар сараас хойш Хотын тээврийн газар тараадаг байснаа больж, дүүрэг хороодын Засаг дарга нарын эрх мэдэлд очсон. Үүнээс хойш өндөр настаны үнэмлэхтэй хүний тоо эрс нэмэгдэж, орлого муудах болсон” хэмээн тайлбарлав. Засаг дарга нар өндөр настаны үнэмлэхийг бизнес болгон 30-50 мянган төгрөгөөр гаргаж өгч буй сураг ч дуулдах болсон гэнэ. Уг нь үнэгүй явуулдаг билетээ яг хэрэгцээтэй хүнд нь өгөөд, хяналттай хандаж чадвал орлого нэмэгдэх боломж байгааг нийтийн тээврийнхэн онцолж байсан билээ.

Нийтийн тээврээр зорчигчид үнэгүй билет авах гэж хөөцөлдөх биш, харин ч иргэний үүргээ ухамсарлаж мөнгөө төлөөд явах “хоншоортой”  байя гэж хэлмээр санагдсаныг нуух юун.

Дээр нь иргэд ногоон гэрлээр гардаггүй, гарц ашиглаж мэддэггүй, замын хөдөлгөөнд бүдүүлэг оролцож байгаа нь осол, зөрчил гарахад багагүй нөлөөлдөг байна. Жишээлбэл, түгжирсэн машинууд дундаас гэнэт гүйж гарч ирэх, замын хаалт, хашлагыг давах, замын голд машинаас үсэрч буух зэрэг үйлдлүүдийг жолооч нар онцлон дурьдаж байсан. Уг нь иргэд маань өөрийгөө болон өрөөл бусдыг хүндлээд энэ мэт үйлдлээ зогсоочихвол жинхэнэ соёлтой зорчигч болж чадах юм.  Тийм ч учраас Нийслэлийн тээврийн газраас зарласан аяны урианд “соёлтой зорчигч” гэдэг үг орсон болов уу.

Олон улсын жишигт нийтийн тээврийн салбарыг нийтийн сайн сайхны төлөө төр нь татаасаар авч явдаг. Гэхдээ нийгмийн амьдрал хувийн хэвшлийнхэнгүйгээр урагшлахаа больсон учир төрөөс тэдэнд ачаа үүрүүлдэг. Харин үүрч буй ачаа нь сар бүр нийтийн тээврийнхэнд өгдөг нөхөн олговортойгоо хэр дүйцдэг юм бол?

Хүний суудал өнцөгдөхөөр ажил үйлс нь бүтэхээ байж, засал ном хийлгэдэг. Тэгвэл нийтийн тээврийн салбар яах аргагүй л “өнцөгдчихөөд” байгаа нь дээрх жишээнээс харагдаж байна. Үүнийг учрыг олж, хужрыг нь тунгааж, сандал, суудлыг нь “зөөлрүүлэх” цаг болжээ гэдгийг Нийслэлийн тээврийн газрын өнөөгийн удирдлагууд олж харсан учраас тус салбарт бодлогын шинэчлэлт хийж эхлээд байна.

Шинэ бодлогын хүрээнд автобусны жолооч, кондукторуудын нийгмийн асуудалд анхаарал тавьж, эрүүл мэндийн үзлэгт оруулж, сургалтад хамруулна, орон сууцны асуудлыг нь шийднэ гэхчлэн чихэнд чимэгтэй үгс дуулдах болжээ. Ажил хөдөлмөрийн үнэ цэнэ өсч, нийтийн тээврийн үйлчилгээ сэтгэлд хүрдэг болох сайн цаг айсуй.

Б.УУГАНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж