Ихэнх нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орно

Хаврын өдрүүд эхэлсэн ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хаваржилт хүндэрч болзошгүй байдлыг үүсгээд байгаа билээ. Харин өнөөдрийн байдлаар баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй байх нь. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх юм байна.

Мөн төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Эг, голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байх бол зүүн аймгуудын нутгаар үүлшиж, шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.

Шөнөдөө Халх голын сав газраар 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан хононо. Харин отрын нутаг Хэрлэнбаян-улаан орчмоор цас орж, салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна. Мөн говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах ч өдөртөө цас орохгүй. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байх ажээ. Улаанбаатар хотод үүлшиж бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө хүйтэрч 3-5 градус хүйтэн хонох төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын 08-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10,11-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 8-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж