Багийн эзэд, хоёр тамирчинтай хамт оролцдог Багийн шидэлтийн тэмцээнд, “Танан Гарьд”, “Энержи Ресурс Харцага”, “Эрдэнэдрийлинг Ригс”, “SBL Хүлэгүүд” гэсэн дөрвөн баг оролцлоо. Тэднээс “Танан Гарьд” болон “Эрдэнэдрийлинг Ригс” багууд сүүлийн шатанд үлдэж, талбайн дундаас шиддэг сүүлийн шидэлтийг “Танан Гарьд” багийн эзэн Ц.Чинбат амжилттай гүйцэтгэснээр, Б.Мөнхболд, Antonio Jones нарын хамт цомын эзэд болов.
3 онооны шидэлтийн тэмцээнд супер лигийн долоон мэргэн бууч оролцлоо. Тэднээс Э.Цэвэлдорж, Н.Золжаргал, Б.Нэмэхбаяр, Ц.Азбаяр гэсэн дөрвөн тоглогч сүүлийн шатанд шалгарав. Сүүлийн шатанд “Эрдэнэдрийлинг Ригс” багийн Н.Золжаргал боломжит 30 онооноос 23-г авснаар “SBL Logistics” компаний нэрэмжит цом, 500.000 төгрөгөөр шагнуулсан юм. Мөн “Энержи Ресурс Харцага” багийн Б.Нэмэхбаяр 16 оноо авснаар дэд аварга болж, 300.000 төгрөгийн эзэн боллоо.
“Баянзүрх Буллз” багийн Decorey Jones үнэ цэнэтэй тоглогч болов
Энэ өдрийн хамгийн төгсгөлд “Бүх оддын тоглолт”-ын цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээн болов. Тэмцээнд шилдэг найман данкчид оролцож, эхний шатанд хоёр үзүүлбэр үзүүлсэн байгаа. Тэднээс Freddie Woods, Decorey Jones, Devon Clarke, D’Andre Brown, Б.Билгүүн нар эцсийн шатанд шалгаран үлдэж, дахин хоёр үзүүлбэр үзүүлж, сүүлийн шатанд “Баянзүрх Буллз” багийн легионер тоглогч Decorey Jones нийлбэр 95 оноо авснаар, “Бүх оддын тоглолт”-ын цагариган дээрээс довтлох тэмцээний аварга болж, нэг сая төгрөгөөр шагнуулав.
МҮСБХ-ний Үндэсний Супер лигийн шилдэг тоглолтууд өнөөдөр 14.00 цагаас Буянт Ухаа дахь Спортын шинэ ордонд үргэлжлэн явагдана. Өнөөдөр холимог оддын тоглолтоос гадна, Америк легионерууд болон Монголын шигшээ багийн хооронд сонирхолтой халз тулаан болох юм.