Тээвэр хөгжлийн банкийг луйвардуулахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Тээвэр хөгжлийн банкийг луйвардуулахгүй

В.Армин: Би Тээвэр хөгжлийн банкийг луйвардуулахгүй

Тээвэр хөгжлийн банктай холбоотой шуугиан газар аваад байна. Уг банкнаас их хэмжээний мөнгө залилсан, мөнгө угаасан хэрэгтээ буруутгагдаад байсан ОХУ-ын иргэн С.В.Новожиловыг эрэн сурвалжилж эхэллээ гэсэн мэдээллээс хойш уг банктай холбоотой хууль бус үйлдлүүд илчлэгдсэн гэж хэлж болно. Банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван, төрсөн дүү Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал нар хуйвалдан хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг өөрсдөдөө төвлөрүүлж, банкийг эзэмшилдээ авахын тулд хууль бус зүйл хийж байгаа тухай яригдаж байгаа. Харин энэ бүх маргааныг эцэслэж болохоор мэдэгдэл хилийн чинадаас иржээ. Тодруулбал, Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хөрөнгө оруулагч, “Инфрастракчер” ХХК-ийн 100 хувийн хувийн хөрөнгө оруулагч Вейдеркер Армин Йоханн нь “Хөрөнгө оруулагчийн мэдэгдэл”-ийг  хуулийн байгууллагад ирүүлжээ. Тодорхой хүмүүсийн нэртэй, болсон үйл явцыг баримтаар дурдсан уг мэдэгдлийг хачиргүйгээр хүргэе.

Хөрөнгө оруулагчийн мэдэгдэл

Ноён Вейдеркер Армин Йоханны ирүүлсэн уг мэдэгдэлд,

"Өнгөрсөн хугацаанд Д.Энхтайван  гэгч өөрийгөө Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн  дарга хэмээн худал хэлж, миний нэр хүнийг унагаах зорилго агуулж, үүндээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг буруугаар ашигласаар байна. Энэ бол түүний бурууг өөрөөсөө зайлуулж, олны анхаарлыг өөр зүгт татан, өөрөө нэр цэвэр үлдэх гэсэн олхиогүй балмад хүний арчаагүй үйлдэл юм. Түүнд энэ боломжийг олгохгүй гэдгийг хэлье. Энд нэгэн зүйлийг онцлоход, Д.Энхтайваны дүү Д.Энхжаргал нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тэрээр албан тушаалаа хувийн сонирхолдоо нийцүүлэн буруугаар ашиглаж байсан төдийгүй одоо ч ашигласаар байна. Тиймдээ ч Д.Энхтайван өөрийн дүү Д.Энхжаргалынхаа тусламжтайгаар Тээвэр хөгжлийн банкийг хоёрдахиа нураах гэж байна. Манай оронд үүнийг яагаад ч байж болохооргүй ашиг сонирхлын зөрчилдөөн гэж үздэг. Болсон явдлыг өгүүлье.

2006 оны гуравдугаар сард банкны хөрөнгийг нэмэгдүүлэх хугацаа дуусахаас ганцхан сарын өмнө тухайн үед Лондон дахь Монголбанкны төлөөлөгч байсан Д.Энхжаргалын тусламжтайгаар өөрийн Инфрастракчер ХХК-иараа дамжуулан Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулалт хийж, уг банкны 51 хувийг худалдан авсан. Ингэж хөрөнгө оруулалт хийснийхээ дараа дээрх хүмүүсийн луйврыг олж мэдсэн юм. Үүнд, тэд надад буруу орчуулгатай Компанийн дүрэм өгсөн байсныг, мөн зээлийн 50-иас дээш хувь нь муу зээлийн ангилалд орсон байсныг илт нууж  худал мэдээлэл өгсөн байсан. Хамгийн ноцтой нь, Д.Энхтайван нь 2009 оны эхээр банкнаас нэг сая ам.долларын хувьцаа эзэмшигчийн зээл авах хүсэлт гаргасан юм. Харин Инфрастракчер ХХК түүнд зээл олгохоос татгалзсан байгаа. Энэ цагаас хойш тэрээр банкны удирдлагуудын эсрэг үйл ажиллагааг эхлүүлсэн. Тодруулбал, дээр хэлсэнчлэн зээл өгөхөөс татгалзсантай зэрэгцэн Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан Д.Энхжаргал нь банкны хяналтын албаны захирлаар томилогдсон. Түүний эхний ажил нь Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаанд тусгай хяналт хийх, гүйцэтгэх захирал байсан С.В.Новожилов, зээлийн хорооны дарга Бадрал нарыг халах тушаалд Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж дөнгөсөн юм. Энэ нь 2009 оны тавдугаар сарын 20-ны А 24 тоот тушаал юм. С.В.Новожилов, Бадрал нар Монгол Улсын шүүхэд Монголбанкны А24 тоот тушаалыг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр тэдний талд гарсан. Дээд шүүхээс дээрх хоёр хүнийг хуучин албан тушаалд нь буцаан томилуулах шийдвэрийг хоёр ч удаа гаргасан. Гэвч тухайн үед ТУЗ-ийн даргаар хууль бусаар ажиллаж байсан Д.Энхтайван тэднийг ажилдаа эргэн орох боломж олгоогүй нь харамсалтай.

Үүнээс илүү ноцтой асуудал бол 2009 онд Д.Энхтайван хуулиар баталгаажсан хувь нийлүүлэгчдийн хуралд оролцохоос татгалзсан явдал юм. Үүнээс үүдэн 2009 оны тавдугаар сараас хойш Тээвэр хөгжлийн банк ТУЗ-гүй, даргагүй байгаа. Бодит байдал ийм байхад тэрээр ТУЗ-ийн дарга хэмээн өнөөг хүртэл дүр эсгэж, сар бүр нэг сая 500 мянган төгрөгийн цалин, дээр нь автомашин унах зэргээр хангамж авсаар ирсэн. Д.Энхтайван намайг мөнгө угаадаг, энэ хэрэгт нь Интерполоор эрэн сурвалжилж байгаа мэтээр гүтгэсэн тул би өөрийн хүсэлтээр Интерполоор шалгуулсан байгаа. Ийм үндэслэл байхгүйг Швейцарийн Интерполын байгууллага баталсан байхад яагаад ийм зүйл яриад байгааг асуумаар байна. Мөн тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах журмыг зөрчиж, дотоод хяналтыг буруугаар ашиглан өөрийн бохир тоглоомдоо ашиглаж ирсэн. Мөнгө угаасан гэж ярьж байгаагийн тухайд бол бүх гүйлгээг хянадаг нэг залуу байсан. Тэр нь Д.Энхтайваны хамаатан байсан. 2009 оны хоёрдугаар сард сүүлийн тайланг Монголбанк болон ТУЗ-ийн гишүүдийн хурлаар оруулж хэлэлцсэн бөгөөд үүнд мөнгө угаасан талаар ер дурдагдаагүй. 2009 оны аравдугаар сараас хойш Инфрастракчер ХХК нь банкны хувь эзэмшигчдэд тэдний 49 хувийг худалдаж авах, эсвэл өөрийн 51 хувиа зарах санал тавьсан. Гэвч энэ бүх захиа бичгүүдэд хариу ирээгүй. Эдгээр хүнтэй хамтран ажиллаж цаашид банкыг хөгжүүлэх ирээдүй байхгүйг Инфрастракчер ХХК-ийн эзэмшигчийн хувьд би хатуу ойлгосон. Тиймээс би үүсээд байсан асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүмүүст өөрийн Инфрастракчер ХХК-ийг зарсан юм.

А.Виедеркер" гэжээ.

Тээвэр хөгжлийн банкны 8,66 хувийг хувь нийлүүлэгч Д.Энхтайван, 1,58 хувийг Д.Энхтуяа, мөн 38,77 хувийг Д.Батхүү (Д.Энхтайваны ээж) нар, харин 51 хувийг Инфрастракчер ХХК-ийн 100 хувийн хувь нийлүүлэгч Армин Виедеркер эзэмшдэг байна. Харин Армин нь дээрх хүмүүсийн 40 хувийг худалдаж авах, эсвэл өөрийн 51 хувиа зарах саналыг 2010 оны хоёрдугаар сарын 4, 25-ны өдөр тавьсан ч нөгөөдүүл нь огт хариу өгөөгүй байна. Тиймээс өөрийн хувийг хууль журмын дагуу бусдад худалдсан ажээ. Гэтэл өнөөдөр худалдсан, худалдан авсан хоёул ацан шалаанд орчихоод байгаа аж. Хууль журмын дагуу хувиа худалдсан Армин нь эрүүл мэнд нь муугаас Швейцарьт эмчлүүлж байгаа бөгөөд тэрээр асуудлыг зохицуулахаар Монголд ирэх гэхэд нь “Таныг эрэн сурвалжилж байгаа. Ирэнгүүт чинь л хорино” хэмээн худал хэлж, ихээхэн цаг хожжээ. Гэвч Армины өмгөөлөгч Р.Батрагчаа түүнийг удахгүй Монголд ирнэ. Тэр цагт бүх зүйлийн учир олдоно гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж