Хүний эрхийн илтгэлийг УИХ-д өргөн барив

Хуучирсан мэдээ: 2013.04.06-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн илтгэлийг УИХ-д өргөн барив

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2013 оны 3 дугаар сарын 31-ний хурлаар хэлэлцэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийг 2013 оны 4 дүгээр сарын 5-нд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн билээ. Шийдвэрийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл"-ийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр  өргөн барилаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд "Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасны дагуу ХЭҮК нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр УИХ-д илтгэж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах талаар санал хүргүүлдэг билээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаа "Уул уурхай ба Хүний эрх”, "Хүүхдийн зарим эрхийн асуудал”, "Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал”, "НҮБ-ын Хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт” гэсэн 4 бүлэг бүхий илтгэлийг бичиж, УИХ-д өргөн барьж байна.

Уул уурхайн хөгжлийн хүний эрхэд үзүүлж буй нөлөөтэй холбоотойгоор:

1.Уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүний амь нас эрсэдсэн, бие эрхтэн, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх механизмыг бий болгох, хохирол нэхэмжлэх эрхийг тодорхой болгох;

2.Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах, нутгийн иргэдэд нөхөн сэргээлтийн үйл явц, үр дүнгийн талаар санал өгөх боломжийг олгох, хяналтыг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад олгох;
   
3.Нүүрс, төмрийн хүдэр зэрэг овор ихтэй ашигт малтмал ашиглах бол тухайн орон нутгийн иргэдийн хүний эрх, эрх чөлөөг хангахад шаардагдах төмөр зам, хатуу хучилттай замыг байгуулсны дараа олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох зохицуулалтыг хуульчлах, мөн уул уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой автомашины болон замын даац, ашиглалтын талаарх бодлого, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн батлах;
  
4.Уул уурхайн салбарт ажиллагсдын ажлын аюулгүй байрыг бий болгох асуудлаар Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Уул уурхайн үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох, иргэд, уул уурхайн салбарт ажиллагсдыг гэмтэл осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх механизмыг ажиллуулах, эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах ажлыг төрөөс зохион байгуулах;
  
5.Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор "Байгаль орчны асуудлаар мэдээлэл олж авах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах тухай” конвенцид нэгдэж орох, ашигт малтмал хайх, олборлох, байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Хүүхдийн эрхийн чиглэлээр:

1.Монгол Улсын НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн III нэмэлт протоколд нэгдэн орох;
 
2.Хүүхдийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох;
 
3.Бүх нийтийн ерөнхий боловсрол, суурь боловсрол олгох нөхцлийг бүрдүүлсэн, шашны тусгай сургалттай сургуулиудыг үндэсний хэмжээнд бүсчилэн шинээр байгуулах;
  
4.Тусгай сургуулиудын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сургуулийн онцлогт тохируулах, цэцэрлэг, дотуур байр бүхий ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс бүрдсэн цогцолборуудыг үндэсний хэмжээнд шинээр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх, боловсрол, нийгэм, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангуулах чиглэлээр бодитой, үр дүнтэй арга хэмжээ авах;

5.Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах.  

ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудлаар:
 
1.НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүний эрхийн Хорооноос Mонгол Улсын Засгийн газарт өгсөн лесбиян, гей, бисексуал, трансжендер хүний эрхэд хамаарах зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

2.Лесбиян, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн талаарх нийгмийн сөрөг сэтгэл зүй, буруу хэвшмэл ойлголт, үзэл хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сургалт, сурталчилгааны идэвхтэй, үр нөлөөтэй арга хэмжээг бодлоготойгоор авч хэрэгжүүлэх.

НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар:

НҮБ-ын гэрээний хороод, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын тусгай илтгэгч, ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байх.

Эдгээр асуудлыг хөндсөн илтгэлийг УИХ-д өргөн барьсан байна.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж