
Дэлхийд нэр хүндтэй, дур булаам, сайхан эрчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдох Кембрижийн гүн, хунтайж Уильямыг дөрвөн настай бяцхан охин “мад тавьжээ”. Английн элит гэр бүлийн төлөөлөл болсон хунтайж Уильям өчигдөр Шотландын хамгийн том хот Глазгогийн иргэдтэй гар барин мэндчилэх үеэрээ ээждээ тэврүүлсэн дөрвөн настай бяцхан охинд хандан “Чи үнэхээр хөөрхөн юм аа. Чамайг үнсч болох уу” хэмээн эелдгээр асуухад охин нүүр буруулж, үнсүүлэх нь байтугай түүний өөдөөс эгцэлж ч хараагүй гэнэ.
Харин үүний дараа Уильям хэсэг балмагдсан байдалтай байсан ч хүмүүстэй мэндчилгээгээ үргэлжлүүлжээ. Уильямыг Глазгод айлчлах үеэр түүний хөл хүнд эхнэр Кейт Мидллтон мөн дагалдан явсан аж. Кейт өдгөө зургаан сартай жирэмсэн бөгөөд хосууд анхны хүүхдээ хүлээж буй юм.