
Ч.Баттуул дээрээ олон ах, эгчтэй айлын отгон охин. Түүний аав түүхийн ухааны доктор, ээж нь насаараа дунд сургуулийн орос хэлний багш хийж байсан сэхээтэн гаралтай хүмүүс аж. Тэрбээр нийслэлийн 87 дугаар сургуульд сурч байхдаа найз залуугаасаа болж, сургуулиа орхин Төв аймаг руу шилжиж байжээ. Гэхдээ энэ нь түүний сурлагад муугаар нөлөөлөөгүй бөгөөд арван жилээ онц дүнтэй төгсч, Хятад улсад олон улсын чиглэлээр сургуульд суралцах эрх авчээ. Түүний хувьд Тайваньд суралцаж байхдаа өөрийн англи хэлний багш Жон Мартин Кийнтэй дотно танилцаж, Улаанбаатар хотод “Шүрэн гүүр” нэртэй зочид буудал, ресторан баръя, та зохион байгуулагчаар ажилла, өндөр цалин өгнө хэмээн итгүүлж, рестораны загвар зургийг үзүүлэн Монгол руу дагуулж иржээ. 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монголд буусан Жон Мартин Кийнийг маргааш нь хотоос гарган газар үзүүлнэ хэмээн авч яваад өөрийнх нь бэлэглэсэн спорт маркийн гар буугаар зургаан удаа буудаж аминд нь хүрсэн гэдэг.
Үүнийг ч шүүх шинжилгээгээр тогтоосон. Талийгаачийг уулын мухарт булсан бөгөөд хоёр сарын дараа түүний цогцсыг олсон байна. Энэ хугацаанд Ч.Баттуул талийгаач Жон Мартин Кийний ээж болон ар гэрийнхэнд “Ажил ихтэй ярьж чадахгүй байна. Ярьж чадахгүй байгаад уучлалт гуйж байна” гэх захидлыг явуулдаг байжээ. Бүтэн хоёр сарын турш ийм захидал хүлээн авсан ээж нь санаа зовж, АНУ-ын Төрийн департмент болон Монгол, Хятад дахь Элчин сайдын яаманд мэдэгдэж, хурдан хайж олохыг хүсчээ. Мөн “Моунт Олив”-ын ахлах сургуулийг хамт төгссөн найзууд нь түүнийг “фэйсбүүк”-ээр хайж байжээ.
Ингээд хэрэг болсноос хойш хоёр сар нэг хоногийн дараа буюу гуравдугаар сарын 7-ны өдөр “Америк улсын иргэн Жон Мартин Кийн сураггүй алга боллоо, эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн албан бичиг ЦЕГ-т ирснээр эрэн сурвалжлах ажил эхэлж, түүний цогцсыг Төв аймгийн Цонжин болдогийн ойролцоо булсан байхыг нь олсон байна. Ингээд хэргийг хоёр сарын дараа илрүүлж, гуравдугаар сарын 16-наас Ч.Баттуулыг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Түүнийг шалгаж эхлэх үед Ч.Баттуулын ах Ч.Батсайхан болон найз залуу н.Нямдорж нарыг сэжиглэж байсан ч хэрэгт буруугүй хэмээн үзэж сулласан билээ. Харин талийгаачийг шороонд булах буюу хэргээ нуухад нь тусалсан гэх Ч.Баттуулын хоёр найз Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарыг гадуур байцаан шүүж байгаа юм. Түүний найзууд Ч.Баттуул нь хэрэг хийсний дараа утасдаж “Би хүн алчихлаа. Туслаач” гэж хэлсний дагуу тусалсан гэж мэдүүлжээ.
Ч.Баттуул шалгагдаж байх хугацаандаа өгсөн мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцсан. Тэрбээр эхний өгсөн мэдүүлгээсээ эхлэн өөрийн багш Америк улсын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэдгээ хүлээсэн юм. Ч.Баттуул нь эхний өгсөн мэдүүлэгтээ мөнгөнөөс болж амийг нь хөнөөсөн хэмээн хэлсэн байдаг. Мөнгөнөөс болж хөнөөсөн байж ч болох үндэслэл бий. Учир нь Жон Мартин Кийнийг Монголд авчрах үед хамтран хийх бизнест хөрөнгө оруулахыг хүсч 10 мянган ам.долларыг ээжээс нь авахуулсан байна. Харин дараа нь тэрбээр анх өгсөн мэдүүлгээсээ буцсан аж. Тодруулбал, гэр бүлтэй залуутай дотно харилцаатай байсан тухайгаа мэдүүлсэн байна.
Тэр залуугаа өөртэй нь гэр бүл болохгүй бол гадаад хүнтэй гэрлэнэ хэмээн өширхөж, талийгаачийг дуудаж ирүүлсэн хэмээн мэдүүлж эхэлсэн байна. Мөн “Надад мөнгө хэрэгтэй болоод бизнес хийхээр авчирсан мөнгийг нь авахын тулд амийг нь хөнөөсөн. Хэдэн удаа буудсанаа санахгүй байна. Тэгээд цогцсыг нь хоёр найзтайгаа нийлээд цасанд булаад хотод орж ирсэн. Миний багш байсан. Намайг хайртай шавь нарынхаа нэг гэдэг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар дотно харилцаанд орохыг хүсдэг байсан. Би тэр явдлыг хүсээгүй юм” гэж мэдүүлж байсан байна. Энэ мэт өгсөн мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцсан нь түүнийг сэтгэцийн өөрчлөлтэй байж магадгүй гэх таамгийг хүртэл гарган шалгуулж байсан.

Гэхдээ сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг шалгах шалгалт эерэг гарч хэрэг хүлээх чадвартай гэснээр цааш үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн юм. Мөн тэрбээр эхэндээ “Би найзуудтайгаа хамт буудсан” гэж мэдүүлж байжээ. Харин хэрэг шалгагдаад удсаны дараа “Би ганцаараа хөнөөсөн. Бид хоёр хоёулаа явж байсан” гэж мэдүүлжээ. Өдийг хүртэл энэ мэдүүлгээсээ тэр буцаагүй.
Жилийн өмнө болсон энэ хэргийн ихэнх хугацаа мөрдөн байцаалтын үед удсан аж. Учир нь түүний хэд хэдэн удаа зөрүүтэй өгсөн мэдүүлгээс болж сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн шалгуулсан. Мөн энэ хэргийг өөрөө үйлдээгүй буюу бусдын өмнөөс хэрэг хүлээж байж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байсан учир мөрдөн байцаалтын үед удсан аж. Гэхдээ дээрх таамгуудын аль нь ч тогтоогдоогүй.
Харин түүний ар гэрийнхэн энэ хэргийг хэн нэгний өмнөөс хүлээж байна. Ийм хэрэг хийх хүн биш хэмээн өдийг хүртэл итгэсээр яваа. Тийм ч болохоор хэргийг сайтар шалгаж өгөхийг удаа дараа хууль хяналтын байгууллагад хандсаар байгаа билээ. Учир нь түүний найз залуу зүй бус авиртай нэгэн бөгөөд түүний явуулгаар энэ хэргийг хийсэн байж болзошгүй гэх зүйлийг Ч.Баттуулын аав, ээж мэдэгдээд байгаа юм.
Тайвань улсад 12 настай хүүхдийнхээ хамт амьдарч байгаа Жон Мартин Кийний эхнэр Нэнси Ли ярилцлага өгчээ. Тэрбээр Ч.Баттуулын хийсэн хэргийг үнэн зөвөөр шүүж, цаазын ял ногдуулахыг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, амийг амиар гэх зүйлийг хэлсэн байна. Түүнчлэн “Нөхөр маань Тайванийн технологийн их сургуульд англи хэл заадаг байлаа. Сэжигтнээр татагдсан эмэгтэй түүний шавь байсан.
Ч.Баттуул түүний хайртай шавь нь байсан учраас нөхөр маань түүнд их сайн. Үргэлж туслахыг хичээдэг байсан. Ч.Баттуул манай нөхөрт өөрийнх нь гэр бүл Монголд алтны бизнес эрхэлдэг гэж ярьж байсан. Тэгээд ресторан, зочид буудал нээх санал тавьж нөхөр маань итгээд Монгол руу явсан юм” гэж хэлжээ. Мөн АНУ-аас талийгаачийн тухай ирсэн хувийн мэдээлэлд “Хэргийг сайн шалгаж, Монгол Улсын иргэн Ч.Баттуулыг цаазаар авна гэдэгт итгэж байгаа шүү” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин