Хэрэглэгчийн гомдлын хариу мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн гомдлын хариу мэдэгдэл

Хэрэглэгч  Мэнд-Оршихийн  өөрийн блог дээрээ гаргасан гомдлын дагуу “СҮҮ” ХК нь олон улсын ISO 9001:2008-н шаардлагын хүрээнд албан ёсны хариуг мэдэгдэж байна.  Амтлаг тараг үйлдвэрлэлийн  2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дамжлага дундын хяналтын болон бэлэн бүтээгдэхүүний хяналтын бүртгэлүүд, шинжилгээний протоколуудыг тухайн өдөр үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүний хими, микробиологийн шинжилгээг дахин хянаж үзэхэд тус бүтээгдэхүүнээс  ямар нэгэн бохирдол, хөгц илрээгүй ба MNS 4229:2003 стандартын шаардлагад бүрэн нийцсэн байна. Мөн гомдлын бүртгэлийг дахин хянахад хөгцтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрсэн талаарх гомдол бүртгэгдээгүй байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ямар ч нөхцөлд хадгалах, тээвэрлэх явцад НЭГ ХОНОГ-ийн дотор хөгц ургадаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Харин хөгц нь бүтээгдэхүүний сав баглааг задалснаас хойш тасалгааны температурт хадгалахад 7-14 хоногийн дараа ургаж эхэлдэг  бактери юм.  Манай үйлдвэрийн лаборатори нь улсын СХЗГазраас 5 удаагаа итгэмжлэгдсэн өндөр мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан улсын цөөхөн  лабораториудын нэг юм.

    Хэрэглэгч Мэнд-орших нь 04 сарын 05-ны   өдөр үйлдвэрлэсэн  “Амтлаг” таргийг  04 сарын 6-нд  Баянгол дүүргийн Дүүхээ төвөөс худалдан авахад  хөгцтэй байсан тухай нийтлэлийг блог дээрээ тавьж, мөн мэдээллиийн олон сайтуудад нийтлээд байна.  Хэрэглэгчээс ирэх ямарч гомдлыг хүлээн авахад манай компани үргэлж нээлттэй байх болно. Гэвч тус гомдлын албан ёсны хариу, шийдвэр гарахаас өмнө хэрэглэгчийн сэтгэл санааг төөрөгдөлд оруулах  утга бүхий нийтлэлийг яаравчлан өөрийн хувийн дүгнэлтийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж “СҮҮ” ХК-ны нэр хүндэд  халдаж буйд гүнээ харамсч байна. 

     “СҮҮ” ХК нь бүтээгдэхүүнийхээ  чанарыг улам бүр сайжруулахын тулд 2008 оноос хөрөнгө оруулалт, менежментийн өөрчлөлт хийн шат дараалалтайгаар техник, технологийн шинэчлэлт хийсээр байна.  Хамгийн сүүлд 2011 оны 3 сарын 31 нд олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцоог үйлдвэрлэлийн  үйл ажиллагаандаа нэвтрүүлэн   ISO 9001:2008 Гэрчилгээг гардан авсан билээ. Бид цаашидаа ч бүтээгдэхүүнийхээ  чанарыг эрхэмлэн  хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрүүл мэндийг дээдлэн ажиллах болно.

“СҮҮ” Хувьцаат компаниас  монголчууд бид  бие биенээ дэмжин ажиллахыг  уриалж байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж