“Бүтцийн өөрчлөлт” байгаа онох болов уу

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Бүтцийн өөрчлөлт” байгаа онох болов уу

МОНГОЛБАНКИНД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

“Банкны бүтцийн өөрчлөлтийн талаарх дэлхий нийтийн туршлага” сэдэвт зөвлөгөөнийг Дэлхийн банк Монголбанктай хамтран хийв. Товчхондоо бол Монголбанкны хүсэлтээр Дэлхийн банкны нэртэй мэргэжилтнүүд манай оронд ирж зөвлөгөөн зохион байгуулсан юм. Зөвлөгөөний зорилго нь Монголбанкнаас тун удахгүй хэрэгжүүлэх гэж байгаа, улмаар Засгийн газар, УИХ-д өргөн барих Монгол Улсын банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөндөө гадны экспертүүдээс зөвлөгөө авах, тэднээр хүч нэмэгдүүлэхэд чиглэсэн гэхэд болно. Энэ удаагийн зөвлөгөөнд Исланд, Турк, Тайланд зэрэг орны банкны тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийх ажилд оролцож байсан Матс Жосефссон, банкны мэргэжилтэн Карл Линдгрен, Энгинэ Акакока нар оролцсон юм. Дэлхийн банкны мэргэжилтнүүд манай улсын банкны системийг “Монгол Улсын хувьд эдийн засаг, санхүүгийн хямрал ажиглагдахгүй байна. Гагцхүү энд л хүндрэл  үүсчээ. Иймээс банкны системдээ бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Ийм арга хэмжээ авахгүй бол танай улсын арилжааны банкууд бизнесийнхээ салбарыг улам л чөдөрлөх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Дэлхийн банкны мэргэжилтнүүд энэ удаад Монголын арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн мэдэгдэж чухам л бид та бүхэнд энэ талаар туслаж чадна гэдгээ энэ үеэр илэрхийлээд амжсан. Гэтэл зөвлөгөөнд оролцож байсан эдийн засаг, банк санхүүгийн мэргэжилтнүүд “Энэ удаагийн бүтцийн өөрчлөлтийг арилжааны банкуудад явуулахаасаа өмнө Монголбанкинд хийх хэрэгтэй байна. Тэгж чадвал арилжааны банкууд эрүүл, зөв голдиролоор цаашаа хөгжинө. Монголбанкнаас улс төрийн шалтаг, шалтгаан, бодлогоор банкуудын асуудалд хандаж байгаа нь эргээд арилжааны банкны хөгжилд саад, тээг болж байна” гэж үзэж байлаа. Үүнийг ч Монголбанкны тэргүүн Л.Пүрэвдоржийн “Бүх банкаа нийтэд нь үнэлээд нэг ижил шалгуур тавина. Монголбанк, Засгийн газар, УИХ-аас хүндрэл үүссэн үед гал намжаах байдлаар ажилласаар ирсэн нь асуудал үүсгэж байна. Тиймээс арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн үгнээс нь харахад гол асуудал арилжааны банкуудад гэхээсээ илүүтэй Монголбанк, манай улс төрд байгаа гэдгийг хэлээд байх шиг. Тиймээс бүтцийн өөрчлөлтийг Монголбанкнаас эхлэх нь зөв алхам болох гэнэ.

Арилжааны банкуудын талаар нэгдсэн, нарийвчилсан мэдээлэл тэр бүр Монголбанкинд байдаггүй бололтой. Байсан ч мэдээллийг нууцалдаг. Өөрөөр хэлбэл, зарим нэг банк дампуурсан, татан буугдсан үйл явцаас харахад тухайн үед Төвбанкны зүгээс олон нийтэд мэдээллийг үнэн зөв өгдөггүй “Болж байна, хэвийн ажиллаж байгаа” гэж ам тагласан жижүүрийн хэдэн үгээр байдлыг намжаах гэж аргацаадаг нь эргээд хүндрэл дагуулдаг аж. Өнөөдөр манай улсад 15 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг. “Анод”, “Зоос”-ын хэрэг явдлаас ажиглахад ганц, хоёр сарын өмнө Монголбанк дээрх банкуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөөд “Хэвийн ажиллаж байна” хэмээдэг. Гэтэл тун удалгүй байдал эсрэгээрээ эргэж, улмаар дампуурдаг. Энэ мэт үйл явцаас харахад бүтцийн өөрчлөлт арилжааны банкинд гэж хаяглагдахаасаа илүүтэй Монголбанкинд чиглэгдсэн бол байгаа онох болов уу.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АШИГ ЮУ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ

Өнөөдөр арилжааны банкуудын талаарх буруу, зөрүү мэдээлэл араасаа маш их хардлага дагуулдаг. Банкууд ч энэ тал дээр нэлээн эмзэг хандаж “Бидний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид тэдэн төгрөгийн ашигтай ажилласан, өнгөрсөн онд” гээд л мэдээлдэг. Эндээс харахад арилжааны банкууд ч өөрсдөө мэдээллээ нууцалж бодит байдал, үнэлгээг харилцагчдадаа гаргаад байдаггүй. Цөөн тооны банк л өнгөрсөн оныхоо ашиг орлогын талаарх мэдээллийг тодорхой хэмжээнд гаргасан байдаг. Манайдаа л хамгийн том арилжааны банкуудын нэгд тооцогдох “Хаан” банк мэдээллээ барагтай бол нууцлаад байдаггүй. Өнөөдөр тус банкны 53 хувийг япончууд эзэмшдэг. 35 хувийг нь манай улсын “Таван богд” групп, үлдэгдэл 10 гаруй хувийг Олон улсын санхүүгийн корпорацийнхан атгадаг байна. Эднийх өнгөрөгч 2009 онд 12 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнийг нь хөндлөнгийн хяналт болох аудитынхан тогтоосон байгаа. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны хувьд ч өнгөрсөн онд ашигтай ажилласан аж. Тус банкны хадгаламжийн хэмжээ 600 тэрбум төгрөгт хүрч, арилжааны банкууд дундаа хамгийн өндөр гэж болох 15 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэнэ. “Хас”, “Хадгаламж”, “Голомт” зэрэг банк ч хямралын жилийг амжилттай даван туулж 3.5-10 шахам тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байх юм. Эндээс харахад арилжааны банкууд хямралын хамгийн хүнд үе болох 2009 оныг боломжийн хэмжээнд даван туулж, харин ч ашигтай ажилласан нь харагдаж байна. Тэгвэл арилжааны банкуудад гарч буй энэ нааштай үзүүлэлт, банкуудын өнгөрсөн оны ашиг  юу хэлээд байна вэ. Энэ өнцгөөс нь харвал арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нэг л авцалдахгүй мэт санагдана.
Арилжааны банкуудад хийх бүтцийн өөрчлөлтийг манай улсын мөнгөний бодлогыг зангидаж байдаг Монголбанкны дотоод хэрэгт төр, засаг хөндлөнгөөс хэт оролцдог байдлаа арилгахаар хийх  ажил гэж үнэнд ойртуулж ойлгомоор. Үүний илрэл нь дээрх зөвлөгөөний үеэр эдийн засагч, банк санхүүчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс зарим асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхож байв. Тухайлбал, эдийн засагч Д.Жаргалсайхан “Төв банкны хоёр дэд ерөнхийлөгчийг намуудын томилгоогоор гаргаж ирлээ. Энэ нь улс төр байсан. Одоо иргэн бүрт эх орны хишгийн хэсэг 500 мянган төгрөг тараах гэж байна. Ингэснээр ямар нөлөө гарах вэ” гэсэн асуултад Дэлхийн банкны шинжээчид ямар ч хариулт өгөөгүй нь захиалагч тал болох Монголбанкны удирдлагыг гомдоохгүй байх гэсэн байр суурьтай нь холбоотой болов уу. Харин Дэлхийн банкны Мэргэжилтнүүдийн зүгээс Хадгаламж эзэмшигчдийн мөнгөнд төр баталгаа гаргах биш. Хадгаламжийг эрсдэлд оруулахгүйн тулд даатгалын санг хөгжүүлэхийг чухалчилж байв. Мөн үүний зэрэгцээ “Монголын арилжааны банкуудын үзүүлэлт тогтвортой байхгүй бол эдийн засгийнхаа өсөлтөд нөлөө үзүүлж чадахгүйд хүрнэ. Иймд төрийн зүгээс тусламж үзүүлэх хэрэгтэй” гэж байлаа. Зөвлөгөөний үеэр гадныхны хэлж байсан хамгийн гол асуудал нь арилжааны банкуудын олгосон чанаргүй зээлийн талаар байлаа. “Нэг эрх ашгийн дор нэгдсэн хэдхэн хүнд зээлийн ихэнх хэсэг нь хамаарч байгаа нь хамгийн том эрсдэлийг араасаа дагуулна” хэмээн сануулсан юм. Ингэж гадныхан арилжааны банкуудын олгосон чанаргүй зээл өсч байгаад санаа зовж төрийн хяналтыг чангатгахыг чухалчилсан. Тэдний энэхүү зөвлөгөө Монголбанкны удирдлагад чиглэсэн бол байгаа онох байлаа гэж үзэх оролцогч ч байв. Ямар ч байсан Монголбанкны удирдлага Дэлхийн банкны шинжээчдээр дүгнэлт гаргуулан Монгол Улсын банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөгөө дэмжүүлж хүчээ зузуутгаж амжив. Гэхдээ бүтцийн өөрчлөлтийг банкны салбарынхан толгойноосоо эхлэхийг чухалчилж, хүсч байсан юм. 

Н.МӨНХТӨР
 
Улс төрийн тойм   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж