
Энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 37350 хүн ажил хайж байгаа гэсэн статистик гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 21 мянган иргэн буюу 36 хувиар буурсан үзүүлэлт. Ажил идэвхтэй эрж буй хүмүүсийн тал хувь буюу 19130 нь бүсгүйчүүд гэнэ. Харин хэдий тооны ажлын байр эзнээ хүлээж байгаа талаарх тодорхой мэдээлэл одоохондоо алга.
Гэвч энэ үзүүлэлтийн эсрэг “Ажил хайгчдаас дутахааргүй олон ажлын байр эзнээ хүлээж байгаа тухай ажил олгогчид ярьдаг. Тэгвэл яагаад ажлын байр нь эзэнтэй болохгүй, ажилгүй иргэд нь орлоготойгоо зөрж давхиад байгаагийн учрыг ухаж төнхсөн төр засгийнхны зүгээс “Мэргэжилтэй ажилчин байхгүй болжээ” гэсэн ганц дүгнэлтэд хүрсэн байна.
Их, дээд сургуулийг жил бүр төгсч байгаа 30-35 мянган залуус эдийн засгийн идэвхгүй хүн амд тооцогдсоор удаж байна. Онолын хувьд 15 ба түүнээс дээш насныхныг эдийн засгаа хөгжүүлэх боломжтой хүн ам гэж үздэг. Гэвч амьдрал дээр 17-18 настай дунд сургуулиа дүүргэж, 21-23 насандаа мэргэжил мэдлэг эзэмшиж буй олонхи залуучууд эргээд халамж хүсэгчдийн эгнээнд орж байгаа нь Монголын эмгэнэл. Цөөхөн, чадварлаг хэсэг нь оюутан байхаасаа эхлээд ажлаа олоод хийчихдэг. Харин арга чаргатай, эв дүйтэй нэг нь сургууль төгссөнөөсөө хойш 2-3 жилийн дараа мэргэжлийн ажлаа олж хийнэ. Үлдсэн дийлэнх нь 30 гартлаа ижий аавынхаа “өвөрт” эхнэр, хүүхдийнхээ хамт хэвтэнэ дээ.
Ажил олгогчдын хувьд эцэг эхийн энхрийллээс гараагүй хүний ганц хүүхдийг хүмүүжүүлж ажилд сургахаас залхан гадаадаас ажиллах хүчин авахыг илүүд үзнэ. Гадаадынхныг гадуурхаж үүдээ хаалаа гээд бид хожихгүй. Шинээр төрөн гарах өндөр технологи, ноу-хауг эх орондоо нутагшуулах гүүр нь мэдээж ажиллах хүч. Гэхдээ хэнийг авчрах вэ гэдгээ бодолцохгүй бол сайныг бус саарыг нутагшуулах аюул бий.
“Монголд өндөр мэргэжлийн шинэ техник технологи эзэмшсэн экспертүүд орж ирэх ёстой. Хувийн хэвшлийн мөнгийг цалин болгож аваад гарах биш шавь бэлтгэдэг байх учиртай” гэсэн байр суурийг нэг хэсэг нь илэрхийлдэг. Гэтэл Дэлхийн банкнаас “Танайх шиг хүн ам цөөнтэй улс гаднаас ажиллах хүчин авахгүйгээр хөгжихгүй” гэсэн зөвлөгөөг нөхөрсгөөр хэлж байгаа.

Өнөөдөр хувийн хэвшил дэх өрсөлдөөн цаг, минутаар хэмжигдэх хэмжээнд хүртлээ хурдассан. Энэ өрсөлдөөнд тэсч үлдэх эсэхэд тухайн байгууллагын ажилтан, ажиллагсад эзнээсээ дутахгүй нөлөөлдөг гэвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй болов уу. Гэтэл эзэд яагаад харийн хар бор ажилчдыг элэг нэгтнүүдээсээ илүү үзэх болов?
Гадаадаас ажилчин авчирсан компаниуд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгийг хөдөлмөр эрхлэлтийн санд сар бүр, хүний тоогоор тушаадаг. Дээрээс нь ажилчдынхаа амьдрах байр, хоолны мөнгийг даана, цалин олгоно гээд тооцвол нэг хүнд сард сая гаруй төгрөг элбэг зарцуулж байгаа. Гэтэл тэр сая төгрөгийг яагаад Таван шард гэртэй Дорж, Долоон буудлын Дулмаад өгч болохгүй байна вэ гэсэн асуултад ажил олгогч эздийн нэг “Монголчууд нэг баг болж ажиллаж чаддаггүй. Адаглаад л өглөө эрт ажилдаа ирэхгүй, зам бөглөрсөн, унтсан, мартсан гэх аахар шаахар шалтаг байнга тоочно. Эмэгтэйчүүд нь хүүхэд өвдсөн гээд хэд хоногоор чөлөө авна. Гэтэл компани ажлаа цаг минутаар нь төлөвлөчихсөн байдаг. Цалин буусны дараа эрчүүд нь хэд хоногоор архи уугаад алга болох нь энүүхэнд. Тиймээс л Хятад болон Хойд Солонгосоос ажилчид авчраад хагас цэрэгжилтийн байдлаар ажиллуулах нь бидэнд ашигтай болж таардаг” хэмээн хариулж байна.
Монголчуудын хөдөлмөрийн сахилга бат дотооддоо нэг иймэрхүү үнэлгээтэй байгаа бол нөгөө талд ажилчдын ажлын хөлсний үнэлгээ бага, цалинг цагаар бус сараар тооцож олгодог гэх мэт гажуудал бас бий. Хэрэв цалинг цагийн үнэлгээнд шилжчихвэл дарга захирлуудад цалингаа “хулхидуулсан” хүмүүс буурах төдийгүй цалингийн хэмжээ ч өсөх магадлалтай. Дотооддоо үнэлгээ доогуур манай ажилчдыг гадныхан хэрхэн үнэлдгийг гэр бүлийнхнээс нь хэн нэг нь Солонгост ажилладаг айл бүр мэднэ дээ. Үнэндээ монголчууд Солонгост ажилд махруу, аливааг сурахдаа түргэн, цалингаа цаг минутаар нь бодчих боловсролтой, хэл мэдэхгүй ч мэдрэмжтэй гэдгээрээ үнэлэгддэг.
Тиймээс анх орсон үйлдвэртээ 10 гаруй жил ажиллан эзнийхээ “баруун гар” болчихсон монгол хүн олон бий. Эндээс монгол хүнд ямба зохихгүй гэдэг үг л үнэн болж харагдаад байгаа юм. Сиймхий гэртээ сэгсгэр ээжийнхээ дэргэд хөдөлдөггүй гар хөл хүний нутаг, гүний хошуунд бол хэнээс ч дутахааргүй баялаг бүтээж байна. Тэгэхээр хүүхэд багачууддаа багаас нь эх орондоо, гэр бүлийнхнийхээ дунд, өөрийнхөө сайн сайхны төлөө хөдөлмөрлөх дадлыг суулгаж өгөхгүй бол алсдаа Монголд ажил хийдэг хүн үгүй болох нь. Арабын орнууд шиг гадныхнаар баялгаа бүтээлгэж болох ч өнөөдөр тэдний хувьд ч гэсэн “Дараа үе маань яаж амьдрах вэ, ажил хийж чаддаг хүн үлдэх үү?” гэдэг асуулт толгой өвтгөж эхлээд байгаа. Уг нь “ажилтай, орлоготой монгол хүн” гэдэг хувь хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөний тухай яриа юм.
Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №005