Үнэнийг нь хэлсний хариуд юун гуя

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Үнэнийг нь хэлсний хариуд юун гуя

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт дуулиан шуугиантай боллоо. Чуулганы танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрийн нийгмийн болох болохгүйг хэлсний төлөө “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй”-н үлгэр болж, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хурал орхиж, танхимын гадаа МАН-ыг дэмжигчид жагсч цуглав.

Эхнээсээ л МАН-ын бүлгийнхэн чуулганы танхимд уриа лоозонтой орж суудлаа эзэлсэн байсан юм. Өнгөрсөн намар буйдантай суулт зарлаж “гүндалайдаж” байхдаа барьж байсан “Хууль гууль боллоо”, “Төрийн алба төрлийн алба болов” гэх зэрэг цаасан лоозонгуудаа нямбай гэгч хадгалж байгаад чуулганы нээлт дээр гаргаж иржээ. Сайн сөрөг хүчин бол олонхийнхоо шийдвэр, үйл ажиллагааг  хянадаг. Гэтэл цөөнх байх дадлага туршлага муутай МАН-ын бүлгийнхэн лоозон барьж суугаад, хурал орхиод, жагсч цуглаж хэвлэлийн хурал хийгээд байвал сөрөг хүчин болно гэж ташаа ойлгосон бололтой. Үгүй ядахдаа хурал орхихдоо хүртэл өөрсдөд нь тун эвгүй, эгзэгтэй, өөрсдөө өмнө хийсэн үйлдлээсээ ичсэн гэж ажиглагчдад харагдахаар үед танхимаас гараад явчихаж байгаа юм. Ёстой л “Үнэнийг нь хэлсний хариуд юун гуя…” гэгч болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Багагүй зүйл цэгцэрч, бас зөв тийшээ салхи эргэж байна. Хүний амь, хүний эрх, хүний амьдрал үнэ цэнэтэйг төр нь ч, олон нийт нь ч ярьдаг боллоо. Хуулийг хэрэгсдэггүй, хүний амийг тоодоггүй ёрын бодлого саяхан болтол газар сайгүй, хот хөдөөгүй ноёрхож байсан юм шүү. Төр бол завшдаг, хүн бол хохирдог. Ийм л замтай. Эсвэл идэх уухын донтонгууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү. Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан” гэж хэлэхтэй давхцан шуугилдаж байсан сөрөг хүчнийхэн лоозонгоо бариад хурал орхин гараад явчихсан нь мах алга болсон тухай яриа гарахтай зэрэг “Юун үхрийн гуя” хэмээн уулга алдсан урт гартын үлгэртэй агаар нэг явдал боллоо.

Сөрөг хүчин гарч явсан ч  Ерөнхийлөгч үгээ үргэлжлүүлэн хэллээ. Монголчууд гаднаас туршлага судлахаар явдаг байсан цаг улирч, гаднынхан Монголын туршлагаас хуваалцахаар ирдэг болсныг, энэ дөрөвдүгээр сарын сүүлээр дэлхийн 100 гаруй орны өндөр төвшний төлөөлөгчид Улаанбаатарт цугларч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сүүлийн гурван жилийн ажил үйлсийг дүгнэсэн олон улсын бага хуралд оролцох гэж буйг дуулгав. Ингэж 20-иодхон жилийн өмнө газрын мухар байсан Монгол Улс их дэлхийг багтаасан бага дэлхий болж хувирчээ.

Хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аар баталсан Шүүхийн тухай багц хуулийн эхний хэсэг хэрэгжиж эхлэх гэж байна. Шүүнэ, цагдана гэдэг хүнийг айлгах, үргээх бус, нийгмийн үйлчилгээний байгууллага. Шүүгч бол адилхан иргэн. Шүүх бол хүний амьдралын үргэжлэл гэдгийг эдгээр хуулийн хэрэгжилт харуулах гэж байна. Үүний угтал болж энэ долоо хоногт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхны загвар нээлттэй шүүх болж жинхэнэ иргэдэд туслах үйлчилгэний байгууллага гэдгээ харуулж эхэллээ.

Өнгөрсөн жил Монгол Улс дэлхийд авлигын төвшин нь хурдацтай буурч байгаа орноор тодорсон. Олон улсын байгууллагын дүгнэлтээр Монгол Улс авлига нь хамгийн хурдан буурч байгаа орноор шалгарч ганцхан жилийн өмнө авлигын төвшнөөр дэлхийд 120-д явж байсан бол өнөөдөр 94 дүгээр байрт ороод байна. Ганцхан жилийн дотор Монгол Улсын авлигын индекс 26 орноор буурсныг Ерөнхийлөгч хэлсэн үгээрээ тодотголоо. Харин булхай нь илчлэгдсэн зарим хүн хорихоос гар, хөл бологсдоо удирдаж буйг ч хэлсэн.

“Монголын төр авлигачдын атганд байсан үе бий. Одоо тэр нүгэлт савраас аажмаар ангижирч байна. Шударга бусын үрийг таригчид, түүний жимсийг хураагчид Монгол орныг сайн зүйлд хүргэхгүй гэдгийг манай иргэд ойлгодог болсон. Одоо хуулийн засаглал, шударга ёс Монголын үндэсний баялаг болсон” гэсэн үгээр авлигачдын тарьж байсан гай, түүнээс салаад юунд хүрэхийг Төрийн тэргүүн тайлбарлалаа.

Улстөрчид бодлого гэж ярих дуртай. Харин тэр бодлого гэдэг нь юу болохыг Ерөнхийлөгч дараах байдлаар тайлбарлав. “Ер нь бодлого гэдэг үг бол бодох гэсэн үгнээс гаралтай. Төрийн хүн өөрийн сэтгэл хөдлөлийг, өөрийн сайхан санааг бодлого гэж эндрүүрч болохгүй. Улс гүрнүүдийн түүхэнд тохиосон олон гай зовлонгийн ихэнх нь нэг болон нэг хэсэг улстөрчийн ард түмнээ жаргаах гэсэн сайхан санаанаас үүдсэн байдаг” гэж Ерөнхийлөгч хэллээ. Ажил хэрэгч зарим хүн төрөөс гаргасан буруу шийдвэрт хорсож, цөхөрч явдгийг бас хэлсэн. Байдгаа зарж хөрөнгө оруулж хийсэн зүйлийг нь төрийн буруу шийдвэрээр далайлган үгүй хийж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил рүүгээ амьдрах орон зайгүй болтол нь дайрч байгааг шүүмжиллээ.

Буруу улс төр ямар балагтайг дараах байдлаар тайлбарлав. “Бизнес орчны хувьд, амьдралаа бие даагаад авч явж байгаа иргэдийн хувьд улс төр хамгийн том эрсдэлд тооцогдсоор байна. Хөгжил бол чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл. Улсын хөгжил дэвшил, популист улс төр хоёр урвуу хамааралтай. Одоо шоу хийдэг цаг биш. Ажил хийдэг цаг. Бүтээдэг цаг” гэсэн нь буруу улс төр бүтээлч иргэддээ ямар балаг тарьдгийг шүүсэн үг.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид татварын хөнгөлөлт хүсэх биш улсын бодлого, хууль тууштай тогтвортой байхыг л харж байгааг, эдийн засгийн өндөр өсөлтөд хүрлээ гэсний цаана түүхий эд голлосон доод эдийн засаг хэвээр хоцорсныг, жижиг, дунд үйлдвэрлэл, бизес эрхлэгчид хүү багатай, хугацаа урттай зээл хүсдгийг Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ дурдлаа.

Ерөнхийлөгчийн чуулганы танхимд хэлсэн зарим үг өнөөдөр твиттерчдийн жиргээгээр дамжин бараг хэлц үг болон тарлаа. “Идэх уухын донтон эмээл хазааргүй аашилдаг үе байсан. Гэхдээ хорхойтсон баавгай үүрэндээ шургаллаа", “Улс орон авлигачдын гарт  байсан үе бий”, “Бид төрөө засалгуй уджээ. Төр томорч өөхөлжээ. Эрхийн тэнэг болж болохгүй”, "Манай төр бүтээгчид, бизнес эрхлэгчид рүүгээ амьдрах орчингүй болтол дайрч байна”, “Хуулийн засаглал, шударга ёс тогтсон цагт амьдрал сайжирна. Үүнийг бид өглөө бүр санаж босох ёстой”, “Эрх чөлөө, эх орон хоёр бүтэн байг" гэхчлэн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн ишлэл өдрийн турш цахим ертөнцөөр цацагдав.

Харин энэ зуур хурал орхиж гарсан МАН-ын дарга Ө.Энхтүвшин талбайд жагсагчид дээр очиж “Өнөөдөр кг махны үнэ 1200 төгрөг боллоо” гэсэн нь амьдралаас хэр тасархай нөхөр болохоо харуулж “мах” цол хүртэн “урт хошуу хүзүү орооно” гэгчээр мөн л цахим ертөнцийн сөрөг талын баатар болон шуугиулж байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж