“Сочи-2014” олимпийг угтсан буухиа болов

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

“Сочи-2014” олимпийг угтсан буухиа болов

“Сочи 2014” өвлийн XXII наадмыг угтан Монголын үндэсний олимпийн хороо, ОХУ-ын элчин сайдын яам, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөл хамтран бүтэн жилийн турш олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт багтсаны дагуу өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургууль дээр орос хэлээр төрөлжсөн сургалт явуулдаг ЕБС-ийн сурагчдын дунд “Весёлые старты” нэртэй хөгжилтэй буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд орос хэлний төрөлжсөн сургалт явуулдаг ерөнхий боловсролын 1, 3, 23-р сургууль, Улаанбаатар дахь Плехановын нэрэмжит эдийн засгийн сургуулийн бага ангийн сурагчид, тэмцээнийг хүлээн авсан ОХУ-ын элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургуулийн сурагчид оролцсон юм. ОУОХ-ны туг, олимпийн бамбарыг аялуулснаар эхэлсэн энэ удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга, соёлын атташе Ольга Кимовна Ракшаева, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ны гишүүн, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөлийн тэргүүн Ч.Отгонбаатар, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 14 дүгээр сургуулийн захирал Андрей Иванович Рыжов нар оролцов. ЕБС-ын таван сургуулийн 100 орчим хүүхэд долоон төрлийн хөгжилтэй буухиа уралдаанаар авхаалж, самбаагаа сорьсон уг тэмцээнд зохион байгуулагч 14 дүгээр сургуулийн тамирчид түрүүлж алтан медаль хүртлээ. “Сочи 2014” өвлийн олимпийн наадмыг угтсан 1 жил үргэлжлэх үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх юм. Сонирхуулахад, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын ЭСЯ хамтран “Спорт фото 2013” оны шилдэг гэрэл зургийн уралдааныг зарлаад байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж