С.Билэгсайхан зохих байгууллагад хандана гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

С.Билэгсайхан зохих байгууллагад хандана гэв

МИАТ компанийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан “Хэдийгээр тус компанийн үйл ажиллагаа сайжирч байгаа ч удирдлагуудын дунд хамаатан саднаа ажиллуулах, хэт өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ хийх гэх мэт асуудал байсаар байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Тэгвэл өнөөдөр “МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон” гэсэн хаягтай өргөх бичгийг хэвлэлд нийтлүүлсэн байна. Энэхүү өргөх бичигт дурдсан асуудлын талаар МИАТ компанийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайханаас тодрууллаа.

-Танай компанийн хамт олны зүгээс гаргасан гэх өргөх бичигт таныг ямар ч чадваргүй хүмүүсийг ажилд оруулах, өөрийн танил талыг тендерт шахах хууль бус үйлдэл гаргаж байна гэжээ. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Миний талаар гүтгэсэн шинж чанартай зүйл гаргасныг харсан. Энэ талаар би зохих байгууллагад хандана. Түүнээс гадна өргөх бичигт дурдсан зүйлүүдийн талаар тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, миний ажил үүрэгт хүн ажилд авах эрх мэдэл байхгүй, би ямар ч хүнийг ажилд аваагүй. Мөн ганц ч тендерийн үйл ажиллагаанд оролцоогүй гэдгээ хэлмээр байна. МИАТ компанийн хувьд хэдийгээр дуулиан дэгдээд байгаа ч гэсэн үйл ажиллагаагаа сайжруулах талаар олон ажил хийж, ахиц дэвшил гарч байгаа, ажил хэвийн сайн байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-Өргөх бичигт таныг Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатсан өдрийн маргааш буюу гуравдугаар сарын 25-нд асуудал шийдүүлэх гэхээр ажлын байрандаа байгаагүй гэж бичсэн байсан?

-Тэгэхээр би тухайн өдөр юу хийснээ ярих хэрэгтэй болж байх шиг байна. Үүний өмнөх баасан, хагас сайн, бүтэн сайн өдөр би Бээжинд ажиллаад шөнө ирсэн ч гэсэн өглөө ажилдаа ирдгээрээ 08.00 цагтаа ирсэн. Гүйцэтгэх захирлын зарласан захирлуудын зөвлөлийн хуралд 11.00 цагт оролцож, гүйцэтгэх захирлын өгсөн чиг үүргийн дагуу авах арга хэмжээнүүдийг авч ажилласан. Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Юлимжиновын хүсэлтийн дагуу 13.00 цагт компанийнхаа VIP өрөөнд зохих албаны хүмүүсийн хамт уулзалт хийж, Улаанбаатар-Элстэйн чиглэлд чартер нислэг үйлдэх, ирэх жилд Монголд зохион байгуулах хоёр ч том арга хэмжээнд хамтран ажиллах, мөн Халимагаас шатахууныг хямд үнээр нийлүүлэх боломжийн талаар ярилцсан. Би хувьдаа маш чухал ажлуудыг ярилцаж, ажлаа хийгээд л явж байсан гэж хэлмээр байна. 

-Танай хамт олон энэ өргөх бичгийг бичсэн гэж байна. Үнэхээр ажилчин, албан хаагчид бүгдээрээ ийм бодолтой байна уу, хэн бичсэнийг та нягтлав уу?

-Сонины газарт хандан гүтгэлгийг шинж чанартай мэдээллийг шалгуулна гэдгээ хэлсэн байгаа. Нэр бүхий хүмүүс уг бичгийг бичсэн гэсэн. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд нийгэмд дэгдээд байгаа дуулианыг далимдуулан энэ компанийн ажлыг нэлэнхүйд нь харлуулж болохгүй юм. Манай хамт олон ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, шударга хүмүүс дийлэнх гэдэгт би эргэлздэггүй. Өргөх бичиг бичсэн хүмүүс дотор ч шударга хүмүүс бий гэдэгт бас эргэлзэхгүй байна. Харин ямар санаа зорилготой болохыг нь шалгуулах нь зүйтэй байх.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж