Өнөөдөр өглөө болсон хаврын чуулганы нээлтэд МАН-ын гишүүд тус бүр өмнөө эсэргүүцлийн уриа, лоозон барьсан байв. Тухайлбал “Гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсож байна”, “Орон нутгийн өөрөө удирдах ёсыг гажуудуулагч Ерөнхий сайд байх уу, үгүй юу”, “Ард түмэн үнийн өсөлт, үнийн дарамтад нэрвэгдлээ” гэх зэрэг эсэргүүцлийн үгс байх аж. Эдгээр үгсээс эзэндээ хамгийн тохиромжгүйгээр тодорсныг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн лоозон байгааг жиргээчид онцолжээ. Тэрээр өмнөө “Төрийн алба төрлийн алба” боллоо гэх лоозон барьж. Уг нь хөндөж, шүүмжилж буй асуудал нь үнэхээр зөв. Гэвч үүнийг өмнөө тавьсан нь гишүүн нь арай буруудсан байх аж. Түүнийг өөрөө төрийн албаны эрхийг барьж байхдаа төрлийнхнөө албан тушаалтнууд болгож байсныг нь “Эхнэрээ газрын дарга, Хүүгээ консул, бэрээ УИХ-ын Тамгын газарт ажилуулж байсан хүний хувьд зохимжгүй уриа барьчиж” хэмээн шоглох аж. Тодруулбал, эхнэр Ж.Долгормаа нь Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга. Хүү Н.Анхбаяр нь анх аавынхаа туслахаар ажлын гараагаа эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн референт, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирал болж байсан юм.
Б.ШАРХҮҮ