Инонезид мьянмарчууд хоорондоо мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Инонезид мьянмарчууд хоорондоо мөргөлджээ

Индонезийн Умар Суматра мужийн өмнөд хэсэгт орших Белаван боомт хотын түр саатуулах байранд өчигдөр өглөө Мьянмараас ирсэн 100 гаруй рохинжа омгийн цагаач болон 11 хууль бус загасчны хооронд ширүүн мөргөлдөөн гарчээ. Үүний улмаас найман буддын шашинт загасчин амь үрэгдэж, 15 лалын шашинт омгийн хүн гэмтэж бэртсэн байна. Буддын шашинт гурван загасчин мөргөлдөөнөөс амь зулбан зугтсанаар эсэн мэнд үлдэж чаджээ. Умар Суматра мужийн албаныхны зүгээс гэмтэж шархатсан лалын шашинтнуудыг Белаван хотоос ойролцоогоор 23 км зайтай орших мужийн нийслэл Медан хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Умар Суматра мужийн цагдаагийн газраас мэдээлснээр лалын шашинт цагаач омгийнхныг буддын шашинт хууль бус загасчидтай хамт нэг дор хорьсноос тэдний хооронд мөргөлдөөн гарсан аж. “Associated Press” агентлагт мэдээлснээр Мьянмарын лалын болон буддын шашинтнууд хоорондоо хутга, чулуу зэргээр зэвсэглэн мөргөлдсөн байна. Одоогоор Умар Суматра мужийн албаныхан түр саатуулах байранд хоригдож байсан Мьянмарын цагаач иргэд хэрхэн хутгаар зэвсэглэж нэгнийхээ аминд хүрснийг олж тодруулахаар мөрдөн шалгаж байгаа гэнэ.

Мьянмарт сүүлийн үед лалын болон буддын шашинтнуудын хоорондох зөрчил мөргөлдөөний улмаас олон хүн амь үрэгдээд байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж