Сангийн яам нь Засгийн газрын худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр БНСУ-ын Засгийн газартай хамтран “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл”-ийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд тус яам тендер шалгаруулалтын үнэлгээг цахим системээр хийхээр төлөвлөн ажиллаж буй аж. Мөн өнгөрсөн хугацаанд хууль эрхзүйн орчинд тохируулан системийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, түүнд тулгуурлан системийн загварыг хийх ажил үндсэндээ дуусчээ.
Системийн загварыг боловсруулах хугацаанд төрийн байгууллага, тендерт оролцогчдын санал хүсэлтийг сонсч, системд тусгах зорилгоор төслийн явцын талаар хоёр өдрийн турш хэлэлцэхээр болсон байна. Уг арга хэмжээ өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм байна. Түүгээр Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийн хүрээнд хийж буй системийн үйл ажиллагаа, түүний удирдлагыг төрийн байгууллагын худалдан авах ажиллагааг хариуцсан ажилтан нарт танилцуулж, цахим худалдан авах ажиллагааны системийн талаарх асуудал, үр дүн, түүний давуу талаар санал солилцох юм байна.
Г.Дарь