
Найм ес орчим настай хүү эцгийн хамт
ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж
орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогджээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо”
гэж орилохыг сонсжээ.
Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж
байгаагүй тул гайхан:
“Чи хэн бэ” гэж хашгирав.
Хариу ч тэр дороо ирлээ.
“Чи хэн бэ?”
Харин хүү бухимдан:
“Хулчгар” гэв.
Хариу бас л ижилхэн:
“Хулчгар” гэж ирэв.
Хүү аавдаа:
“Ааваа энэ чинь одоо юу болоод
байгаа юм бэ, би ойлгохгүй байна.” гэв
Аав нь:
“Миний хүү сонсож бай” гээд,
“Бүх юм сайхан” гэж хашгирав
Уулнаас ирэх дуу нь эргээд
“Бүх юм сайхан” гэв.
Аав:
“Би чамд хайртай”
Уулнаас ирэх дуу:
“Би чамд хайртай”
Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй
байлаа.
Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай
гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр
чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний
цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг
хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас
цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд
өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг
чамд өгдөг жамтай” гэж хэлжээ.
Заяаны хань
Хаалгаар арай ядан тэмтчин орох
залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх
бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилснээс гуч гаруйхан насандаа хараагүй
болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах
мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын
цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд
гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах
ёстой хэмээн Марк эрс шийджээ.
Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх
тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр
зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг
тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие
биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног
ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх
үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан.
Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт
санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг
боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван
байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд
өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.
Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн
бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж
мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа”
хэмээн бухимдан уйлав.
Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их
өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт
явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт
хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад
мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ
зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө
бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар
ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож,
ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт
сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг
болсон юм.
Нэг өглөө Сузан ажилдаа очихоор
автобусанд суухад, жолооч түүнд хандан:
– “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
– “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
– “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу
байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил
руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.
Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын
нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь
дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт
нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд
харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.