“Идэх уухын донтон эмээл хазааргүй аашилдаг үе байсан. Гэхдээ хорхойтсон баавгай үүрэндээ шургаллаа", “Улс орон авлигачдын гарт байсан үе бий”, “Бид төрөө засалгуй уджээ. Төр томорч өөхөлжээ. Эрхийн тэнэг болж болохгүй”, "Манай төр бүтээгчид, бизнес эрхлэгчид рүүгээ амьдрах орчингүй болтол дайрч байна”, “Хуулийн засаглал, шударга ёс тогтсон цагт амьдрал.сайжирна. Үүнийг бид өглөө бүр санаж босох ёстой”, “Идэх уухын донтон эмээл хазааргүй аашилдаг үе байсан. Гэхдээ хорхойтсон баавгай үүрэндээ шургаллаа" … гэхчлэн Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс иш татсан өгүүлбэрүүд твийттэрээр үргэлжилж байна. Олон нийтээс дэмжлэг хүлээсэн эдгээр үгсийг МАН өөрсдийг нь дайруулж хэллээ гэж хүлээн авч, улмаар чуулганыг хаялаа. Энэ нь ёстой л нөгөө “Мах хулгайлчихаж гэнгүүт “Юун гуя” гэж хэлээд хулгайч өөрийгөө бариад өгсөнтэй адил юм болж байна” гэж твийтэрчид жиргэсээр. “Яаж ойлгохоороо ганц МАН-д хандсан үг гэж боддог байна аа! Засагт хандаж маш их үг хэллээ шүү дээ” гэсэн байр суурь ч тэр дунд сонсогдоно.
“МАН лидергүй болжээ”, “Тэвчээртэй сонсч байгаад дараа нь байр сууриа тод чанга хэлнэ шүү гээд удирдаад аваад явчих удирдагчгүй болжээ”, “МАН улс төрийн хат суусан нам байж ийм зүйл дээр хөнгөдлөө…”, “ТВ 5 телевиз чуулганы нээлтийг шууд дамжуулж байснаа зогсоочихлоо, онигоо болж байна”, “Манай намынхан твийттэрээр яваад байгаа сэтгэгдлүүд МАН-аар дүүрчихлээ. Үүнд нь хариу өгөөд жиргэх хүн алга уу” гэх сэтгэгдлүүд ч цахим хуудсаар орж ирж буй. МАН-ын гишүүдээс нэг нөхөр “Чалчаа үг сонсч алтан цагаа үрэхээ больё. Талбай тийш явлаа” гэснээс өөр хариу бараг байсангүй. Мэдээж төвийг сахигчдын байр суурийг энд онцлох ёстой. Засгийн ажил дээр гаргаж байгаа АН-ын алдааг хэлсэн жиргээчдийг энэ ангилалд оруулж болно. “Хорхойтсон баавгай нарыг нэрлэх хэрэгтэй. Аль аль намд нь байгаа ш дээ”, “Манай твиттерийнхэн хэдийдээ ингэж Ц.Элбэгдоржийн үгийг ямар алдаагүй иш татдаг болчихсон юм. Энэ чинь хэтэрхий инээдтэй, шог л байна шүү” гэх мэт сэтгэгдлүүд анхаарал татаж байна.
Юутай ч “Хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургаж байна” гэж Ерөнхийлөгч хэлэхтэй зэрэгцээд танхимыг хаяж гарсан МАН-ын бүлгийн гишүүд “баавгай”-н дүрд тоглолоо гэж жиргээчид харж байна.