
Баянгол дүүргийн тамирчин их мастер Б.Хатанбаатарын хувьд шигшээ тэмцээнд 22 дахь удаагаа шалгаран оролцож байгаа бусдаасаа хамгийн илүү нь юм. Мөн тэрээр шигшээ тэмцээний дийлэнх дээд амжилтыг эзэмшдэг билээ. “Хан Алтай клуб”-ын тамирчин, улсын гурван удаагийн аварга, их мастер Д.Шаравдорж 14 дэх удаагаа оролцож буй. Тэрээр өөрийн оролцсон сүүлийн долоон тэмцээнээс нэг алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж амжээ. Их мастер Ц.Батчулуун 12 дахь удаагаа шалгарсан. Тэрээр 2006 онд түрүүлснээсээ хойш хоёр хүрэл медаль хүртээд байгаа нь чамлалттай үзүүлэлт хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг юм. Харин их мастер цолоо улсын аваргын алтан медалиар мялаах, үгүйг ирэх өдрүүдэд болох шатрын тулаан харуулна. Их мастер Б.Гүндаваагийн хувьд өнгөрсөн жил гурав дахь удаагаа түрүүлэхдээ уг амжилтыг гаргасан хамгийн залуу шатарчин болсон. Улсын аваргад 10 дахь удаагаа оролцож буй.
Олон улсын мастер Б.Мөнгөнтуул эрэгтэйчүүдийн шигшээд гурав дахь удаагаа хүч үзэж буй анхны эмэгтэй шатарчин гэдгээрээ бусдаас ялгарч байгаа юм. Өмнө нь ФИДЕ мастер Ж.Хулганаа хоёр удаа оролцож байв. Олон улсын мастер Н.Баттулга 10 дахь удаагаа шигшээд өрсөлдөхөөр шалгарчээ. Түүний хувьд 2010 онд улсын аварга болсон юм. ФИДЕ мастер М.Гүнбаяр 11 дэх удаагаа улсын аваргын шигшээд оролцохоор болсон. Тэрээр 2011 онд улсын аварга болжээ. Улсын аваргад хамгийн залуудаа шалгаран оролцсон рекордыг эзэмшигч ФИДЕ мастер Г.Мөнхгал өнгөрсөн жил нутагтаа болсон УАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарч, улмаар Дэлхийн шатрын олимпиадад анх удаа оролцсон юм. Долоо дахь удаагаа улсын аваргад оролцох гэж буй тэрээр 17 нас нэг сартайдаа хүрэл медаль хүртэж байв. ФИДЕ мастер У.Насанжаргал дөрөв дэх удаагаа оролцоно. Дээрх хашир тамирчид дээр нэмэгдээд өнгөрсөн жилийн сурагчдын дэлхийн аварга Ц.Лхагвасүрэн, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн нарыг шатрын мэргэжилтнүүд дээгүүр өрсөлдөх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ. Гурван жилийн дараа дахин шигшээд эргэн ирсэн дэд мастер П.Батжанцан ч гэсэн бэлтгэлтэй сайтай байгаагаа хагас шигшээд харуулсан.
Энэ жилийн шигшээгийн тамирчдын хувьд түүхэндээ анх удаа дундаж нас нь хамгийн залуу буюу 24.7 болж байна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд сонирхогчдын дэлхийн аварга, ФИДЕ мастер Б.Ану, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, спортын мастер С.Сарантунгалаг, Ө.Нямтуяа, Б.Баярмаа, дэд мастер Э.Хулан нар шигшээд хүчээ үзнэ. Мөн тэдэнтэй хамт Г.Баярмаа 19, Б.Билэгжаргал гурав дахь удаагаа шигшээд өрсөлдөх болсон нь азтай хэрэг. Учир нь, Москва хотод сурч буй ФИДЕ мастер С.Отгонжаргал, олон улсын мастер А.Энхтуул нар энэ жилийн улсын аваргад оролцох боломжгүй болжээ. Шигшээд шууд оролцох эрхтэй их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Б.Анхчимэг, Д.Янжиндулам, ФИДЕ мастер У.Лхамсүрэн, Ц.Мөнхчулуун, Ш.Батцэнгэл нар тойргоор өрсөлдөнө. “Сүлд” спорт хороо, “Мончесс”-ийн шатарчин, их мастер Т.Батчимэг найм дахь удаагаа шигшээ оролцоно. Харин олон улсын мастер Б.Анхчимэг шигшээд шалгарсан шатарчдаас хамгийн олон удаа буюу 17 дахь удаагаа оролцохоор болов. Олон улсын мастер Д.Янжиндулам 14 дэх удаагаа оролцохоор үлдсэн. Улсын хошой аварга У.Лхамсүрэн 10, ФИДЕ мастер Ц.Мөнхчулуун 11, өнгөрсөн оны ахмадын азийн аварга Ш.Батцэнгэл арван жилийн дараа 15, Б.Ану тав, Д.Номин-Эрдэнэ хоёр дахь удаагаа тус тус оролцох гэж байна. Эмэгтэйчүүдийн шигшээгийн хувьд шинэ оролцогчгүй тэмцээн тав дахь удаагаа болж байна. Дундаж насны тухайд сүүлийн 10 жилд байгаагүй өндөр буюу 24.7 байгаа нь нэгэн үе өсвөрийн тамирчид байсан хүүхдүүд томчуудын ангилалд шилжсэнийг харуулж байгаа юм. Ямартай ч есөн хоногийн турш уулгүй талд, цусгүй тулалдаан ирэх өдрүүдэд шатар сонирхогчдын анхаарлын төвд байх нь дамжиггүй.