Пхеньян пуужингаа Японы тэнгист ойртууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Пхеньян пуужингаа Японы тэнгист ойртууллаа

БНАСАУ-ын эрх баригчид дунд тусгалын “Масудан” пуужингуудаа зүүн эрэгт зөөн байрлуулж буй тухай Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын эх сурвалж мэдээлжээ.

“АНУ ба Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Хойд Солонгос дунд тусгалын пуужингаа Япон тэнгисийн эргийн бүс рүү шилжүүлэн байрлуулж байгаа мэдээлэлтэй байгаа” гэсэн нэгэн эх сурвалжийн мэдээг “Ренхап” агентлаг дамжуулжээ.

Пуужинг байлдааны цэнэгээр цэнэглэсэн эсэх, харвах эсэх, эсвэл сүр хүчийг үзүүлэх гэсэн оролдлогын аль нь болохыг мэдэхгүй байна хэмээн Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж мэдээлжээ.

Хойд Солонгосын “Масудан” төрлийн пуужингийн систем нь 3000 км-ээс дээш тусгалтай учраас түүгээр Өмнөд Солонгос, Япон дахь байнуудыг буудаж болно. Тэд Гуамын арал хүртэл нисэх чадвартай ч байж магадгүй гэнэ.

БНСУ-ын цэргийн шинжээчдийн дүгнэснээр Пхеньян эдгээр пуужингийнхаа туршилтыг хийгээгүй гэнэ. Оросын “Взгляд” сонины мэдээгээр, БНАСАУ-ын лидер Ким Чен Ун цэргийнхэндээ гал түрүүлэн нээж болохгүй гэсэн тусгай тушаал өгсөн нь мягмар гаригт тодорхой болсон гэнэ. Хоёр Солонгосыг дайн хийхгүй, гэхдээ газар нутгийн шинжтэй сөргөлдөөн байж болно гэж Оросын ГХЯ-ны онцгой даалгавар биелүүлэх Элчин сайд Григорий Логвинов өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломж байгааг тэмдэглэжээ. Хойд Солонгосыг тойрсон байдлыг зарим орнууд өөрсдийн явцуу зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглаж байна хэмээн шүүмжилж буй.

Үүний өмнө, Хойд Солонгос Йонбенийн цөмийн төвд 2007 онд зогсоосон цөмийн тогооны ажиллагааг сэргээх тухай шийдвэрээ мэдэгдсэн юм.

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хойд Солонгосын заналд америкчууд маш ноцтой хандаж байгаа гэсэн юм. Үүний зэрэгцээ АНУ Өмнөд Солонгосын далайн хилд “Ижис” гэх зенитийн автоматжуулсан цогцолбор бүхий “Фицжеральд” крейсер  хөлөг онгоц байрлуулаад байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж