Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутагт дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө цагдаагийн албан хаагч, дэд ахлагч Б.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан билээ. “Бүрэн” хүнсний дэлгүүрт уг хэрэг гарсан бөгөөд дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулж амиа алдсан юм. Цагдаагийн албан хаагчийн амь насанд халдсан хүмүүсийг өнгөрсөн шөнө баривчилсан мэдээлэл ирлээ. Хэрэгт Ховд аймгаас оргосон гурван ялтныг сэжиглэж байсан ч эрэн хайх ажиллагааны явцад Ховд аймгийн Булган сумын дунд сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчид /17-19 насны/ болох Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нарыг буруутайг тогтоон, баривчилжээ /72 цагийн дараа гэмт этгээдүүдийг баривчлав/. Тэднийг өнөөдөр Улаанбаатар хотод авчирч, шалгаж эхлэх юм байна.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн. Ээж, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдон ажиллаж байсан юм. Талийгаачийг өнөөдөр хөдөөлүүлж, цагдаагийн удирдлага, алба хаагчид салах ёс гүйцэтгэсэн байна.
Б.ЭНХ