
Бизнес улс төртэй хутгалдаж эхэлсэн үеэс л санхүүжүүлэгчид нууц байсаар ирсэн. Тэдэн дунд улаан цагаандаа гарсан нь ч бий. Үеийн үед аль ч намд тал алддаггүй бизнесмэнүүд байсаар ирсний жишээ олон. Хамгийн гол нь улстөрчдийг санхүүжүүлэгчид байж гэмээнэ тэд хөдөлж чаддаг гэдэг нь л тодорхой юм. Эдгээр нууцлаг ноёнтонгуудыг ил болгочихвол Н.Энхбаярын “сүлжээ” үндсэндээ тодроод ирнэ. Н.Энхбаярын хүмүүс гэгддэг “Элсний 13”-ынхнаас эхлээд, түүний дэмжлэгтэйгээр хөл дээрээ боссон, хөл алдаж унахаас аврагдсан олон хүний нэрс өнөөдөр ч санхүүжүүлэгчид хэмээн олны дунд яригдсаар байна. УИХ-ын гишүүн Су.Батболд, Б.Чойжилсүрэн, Д.Одбаяр, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Боловсролын сайд асан Н.Болормаа, “Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн, Үйлдвэр худалдааны дэд сайд асан Д.Сүрэнхор нарын хэн нь өнөөдөр түүн рүү тусламжийн гараа сунгаж байгаа вэ.
Энэ мэт таамаг нэрс дунд МАН-ын хүн гэгддэг атлаа МАХН-ынханд сэтгэлээ өгсөн “Гацуурт”-ын Л.Чинбат, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарын нэрс сонсогдож байна. Тэднийг МАН-ын том санхүүжүүлэгчид гэдэг ч экс дарга болоод эдүгээ салан тусгаарласан МАХН-ынханд ч мөн гар сунган тусалж байгаа гэнэ. Дарга болоход нь далдаганаж гүйлдээд, нарсанд ороход нь сураггүй алга болсон нөхдийн хажууд унаж босч яваа энэ үед нь сэтгэлээ буруулаагүй нь харин ч хүн чанарын илэрхийлэл ч юм шиг. Басхүү тэднийг монгол хүний ууч сэтгэлээр унасан хүнийг өрөвдөж тусалж байгаа гэж ойлгох уу, урьдын авлага, өглөгөө барагдуулж байгаа гэж дүгнэх үү гэдэг нь эргэлзээтэй.