Хөлбөмбөгийн бурхны хүү

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хөлбөмбөгийн бурхны хүү

Хөлбөмбөгийн бурхны хүү

Дөнгөж 22-хон насандаа хөлбөмбөгийн оргилд хүрсэн Лионель Месси олны анхаарлын төвд амьдрах дургүй. Гэвч Аргентин улсын эгэл жирийн айлын отгон хүү болон мэндэлсэн Лионель Мессиг өдгөө дэлхий даяараа мэднэ. Түүнийг хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням “Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн хүү” хэмээн хэлсэн нь бий. Хөлбөмбөгийг нэг тэрбум хүн тоглож, таван тэрбум хүн үздэг гэдэг. Тэгвэл энэ цаг үеийн хөлбөмбөгийн ертөнцийн “оргил” Лио Мессиг мэдэхгүй хүн үгүй болжээ. Түүний гайхамшигтай уран гоё тоглолт, гавьяа шагнал, тогтоосон дээд амжилтыг тоочин бичнэ гэвэл хэдэн цуврал боть болох биз ээ. Харин агуу их амжилтынх нь дэргэд энгийн, даруу амьдрал нь маш сонирхолтой. Тэгвэл “хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн хүү” Лионель Мессигийн зарим сонирхолтой баримтыг уншигч та бүхэнд хүргэе.

Төрсөн нутаг

Лионель Месси Италиас гаралтай. 1883 онд Лионелийн өвөг Анжело Месси Италийг орхин, Аргентин улсад суурьшсан аж. Мессигийн холын хамаатнууд нь одоо ч Италид амьдардаг гэнэ. Гэвч өдгөө Лиогийн гэр бүл Италид буй хамаатнуудтайгаа холбоогүй байдаг аж. Лионель Аргентиний Санта-Фе мужийн хамгийн том хот Росариод Мессигийн отгон хүү болон мэндэлжээ. Тэрээр ах Родриго ба Матиас, эгч Мария Солийн хайр халамжинд өсчээ. Ердөө таван настайдаа бяцхан Месси аав Хорхегийн дасгалжуулдаг байсан хүүхдийн “Грандоли” хөлбөмбөгийн багт сурч эхлэв. Харин Мессигийн ээж цэвэрлэгчийн ажилтай байжээ.

Өвчин

Найман настай Месси хүү агуу Марадонагийн тоглож байсан “Ньюэллз Олд Бойз”-ийн секцэд 1995 оноос суралцаж эхэллээ. Түүний авьяас чадвар үеийн хүүхдүүдээс ялгарч,  Аргентиний хамгийн агуу багийн “Ривер Плейт”-д тоглохоор болсон. Мессигийн аав Хорхе отгон хүүгээ хөлбөмбөгч болгохыг мөрөөддөг тул Лионелийг “Ривер Плейт”-д явахад хязгааргүй их баярласан гэдэг. Гэвч энэхүү баяр тун удалгүй харамсал болохыг мэдээгүй байж. “Танай хүү үнэхээр гоц авъяастай юм. Түүнд их ирээдүй байна. Гэвч Лионель гормоны дутагдал гэх өвчтэй байна. Манай эмч нарын тооцоогоор тэр 140 см-ээс илүү өсөхгүй гэнэ. Түүний өсөлт нь бараг зогсчихож. Бидэнд маш их харамсалтай байна” гэж “Ривер Плейт” багийн эмч нар хэлжээ.

Соматропин буюу гормоны дутагдал өвчин нь биеийн болон сэтгэцийн хөгжлийг зогсоодог аж. 11 настай Леонель Месси 132 см өдөртэй байжээ. Үүнийг алдарт хөлбөмбөгч хожим дурсахдаа “Тухайн үед надад эмнэлгийн туслалцаа яаралтай хэрэгтэй байсан. Надад хүлээх хугацаа огт байгаагүй” хэмээн дурсчээ. Сарын 900 ам.долларын төлбөртэй энэхүү эмчилгээг “Ньюэллз”, “Ривер Плейт” хийхийг зөвшөөрөөгүй гэнэ. Аргаа барсан эцэг Хорхе Европын багуудын академиуд руу захидал илгээн, хүүгийнхээ эмчилгээнд туслахыг хүсчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Лионель Мессигийн өвчин улам бүр хүндэрнэ. Харин аавынх нь хүсэлтийг хэн ч тоохгүй байжээ.

“Салфеткэн дээрх гэрээ”

Ингэсээр 2000 онд Мессигийн гэр бүл Испанийн Барселона хотод иржээ. Лионелийн аав Хорхе Месси хүүгээ хөтлөн, “Барселона” багийн хүүхдийн багийн бэлтгэл дээр очжээ. Хөлбөмбөгийн талбайд уран гоёмсог хууралт хийн, өөрөөсөө өндөр хамгаалагчдаас айхгүй тоглож буй Лио Мессиг харсан “Барселона” багийн ерөнхий захирал Карлес Рексач “Манай багт ямар гайхамшигтай, авьяаслаг тоглогч хүрэлцэн ирснийг ойлгоход ердөө хоёр минут хэрэгтэй байсан” гэж ярьжээ. Мессигийн хурд, техник, тоглолт бүгд Карлес Рексачийг уулга алдахад хүргэж,

-Энэ хүү дэлхийн хамгийн шилдэг тоглогч болно гэж хэлжээ. Ийнхүү “Барселона” Лионель хүүгийн эмчилгээг даах гэрээг шууд байгуулахаар болжээ. Баярласан аав Хорхе Месси бахдам авьяастай хүүг эгнээндээ нэгтгэсэн “Барса”-гийн ерөнхий захирлын анхны гэрээ ам арчдаг цаасан дээр байгуулсан гэдэг. Месси “Барса”-гийн хүүхдийн багийн төлөөх анхны тоглолтдоо таван гоол оруулжээ.

Мессигийн амжилтын эхлэл

“Барселона” Лионель Месси хүүгийн эмчилгээний төлбөрийг хоёр жил гаруй хийжээ. Энэ хугацаанд 140 см-ээс өндөр болохгүй гэж яригдаж байсан Месси 30 см өсчээ. Мөн энэ хугацаанд хүүхдийн багаас нэгдүгээр баг хүртэл дэвшин тоглохоор болжээ. Ингээд 16-хан настай Лионель Месси Португалийн “Порту” багийн эсрэг тоглолтод анх удаа “Барселона” багийн өмсгөлийг өмсөж, сэлгээнд багтлаа. Харин 2004 оны аравдугаар сарын 16-нд Лионель “Барса”-гийн төлөөх анхны албан ёсны тоглолтоо “Ла лиг”-ийн “Эспаньол” багийн эсрэг хийв. Лионел Месси “Ла лиг”-т хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин юм. Тэрээр 17 нас, 10 сар, долоон  хоногтой байхдаа “Ла лиг”-ийн анхны гоолоо оруулжээ. Үүнээс эхлэн түүний өдгөөгийн гайхамшигт амжилтын эхлэл тавигдсан юм.

Месси одоогийн байдлаар “Ла лиг”-т тав, “Аваргуудын лиг”-т гурав түрүүлээд байна. 2011-2012 оны улиралд “Аваргуудын лиг”-т 12 гоол оруулж, Марко Ван Бастен, Жиан Фер Папиний дараачаар нэг улиралд оруулсан гоолын тоогоороо бичигдэх болсон. Мөн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн мэргэн буучийн жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Түүний амжилт домогт Иохан Круифф, Мишел Флатини, Марко Ван Бастен нараас давж, дэлхийн шилдэг хөлбөмбөгч шагналыг сүүлийн дөрвөн жил дараалан хүртээд байна.  2012 онд тэрээр Барселона багтайгаа “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-д Байер Леверкузен багийг хожсон тоглолтод таван гоол оруулсан юм. Ингэснээр “Аваргуудын Лиг”-ийн түүхэнд нэг тоглолтод таван гоол оруулсан анхны хөлбөмбөгч болж нэрээ мөнхөлсөн билээ. Месси бол ер бусын тоглогч. Тэрээр маш бүтээлч, хамгаалагчдыг хялбархан давж гарах өндөр ур чадвартай, солгой, төв болон хоёр жигүүрээр, тэр ч бүү хэл бүр төвийн довтлогчийн байрлалд ч тоглох чадвартай тал бүрийн авъяастай тоглогч юм.

Мэсси үнэндээ намхан жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно.

Лио толгойгоор ч тун муугүй тоглодог бөгөөд шаардлагатай үед тэрээр хэд хэдэн төрлийн үүрэг хүлээн авч тоглох чадвартай гэж үзэж болно. Түүнийг хөлбөмбөгийн ертөнцөд туйлын амжилттай замаар замнахаар заяасан тоглогч гэдэг.

Б.БИЛЭГ

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №005

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж