
Ч.Гансүхийн энэ хэрэгт түүний гэр бүлийнхэн ч холбогдогчоор татагдаад байгаа. Нэр дээрээ данс нээлгэж их хэмжээний мөнгө байршуулсан бага хүү Г.Ганзул, “Голомт” банкны дансаараа 16 тэрбум төгрөгийг дамжуулсан гэх Ч.Гансүхийн аав н.Чимид, мөн энэ хэрэгт шинээр сэжигтнээр татагдан баривчлагдсан түүний төрсөн эгч Ч.Даваасүрэн гэх мэтчилэн.
Ингэхэд “таван тэрбум төгрөгийн үнэтэй нууц амрагтай” хэмээн хэвлэлээр цоллуулсан Ч.Гансүх гэгч хэн бэ?
Тэр ТЕГ-т 21 жил ажиллахдаа сүүлийн 12 жилд нь Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг хашжээ. Хуучин пальтоноосоо салдаггүй, явган алхаж ажилдаа ирдэг, өмсөж зүүсэн нь энгийн нэгэн дарга нь гэнэт ийм олон тэрбумыг зувчуулсан хэргийн сэжигтэн болчихно гэдэг нь татварынхны хувьд “үүлгүй тэнгэрээс аянга буух шиг л” гайхалтай зүйл болсон гэнэ. Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нь аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан нэгэн компани Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар Ч.Гансүхийн гэх хэрэг үүссэн гэдэг. Түүнийг шалгаж эхэлтэл Ч.Гансүхийн хүүгээс байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу таван тэрбумыг шилжүүлэх гэж байсан нь тогтоогджээ. Үүнээс өмнө ч 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлчихсэн байсан нь ч баримтаар нотлогджээ.
Ингээд л ар араас нь тэрбум тэрбумаараа мөнгө ил гарч эхэлсэн байна. Яагаад байцаагч О.Бямбасүрэн рүү тэрбум тэрбумаар нь мөнгө шилжүүлэх болсон нь ч ил болов. Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнтэй дотно харилцаатай, энэ харилцааных нь талаар ТЕГ-ын ажилтнууд ч бүгдээрээ мэддэг байж. О.Бямбасүрэн нь 2011 оны гуравдугаар сард албан өрөөндөө Ч.Гансүхтэй хувийн асуудлаас болж маргалдахдаа судсаа ханаж амиа хорлохыг завдсан нь цагдаад бүртгэгджээ. Түүгээр ч барахгүй О.Бямбасүрэн нь Ч.Гансүхийн хүүхдийг гаргасан байна. Нэг зүйлийг хэлэхэд, Ч.Гансүх өөрийнхөө нэрээр огт данс нээлгэдэггүй, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө нэр дээр данс нээж, завшсан их хэмжээний мөнгөө байршуулж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тэрээр дээрх хүмүүсээс гадна төрийн байгууллагад ажилладаг нэг дүүгийнхээ нэр дээр данс нээж, 20-30 сая төгрөг байршуулсан нь илэрсэн байна. Түүнээс гадна Японд амьдарч байсан эхнэрийнхээ нэр дээр ч данс нээж их хэмжээний мөнгө шилжүүлж, эхнэр нь уг мөнгөөр сургуульд суралцаж байсныг шалгалтаар тогтоожээ. Одоогоор Ч.Гансүхийг Төв аймгийн цагдан хорих ангид, О.Бямбасүрэн болон хүү Г.Ганзул нарыг хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №005
