Афганистанд халдлагын улмаас 54 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Афганистанд халдлагын улмаас 54 хүн амь үрэгджээ

Ираны хилийн залгаа орших Афганистаны Фарах мужийн шүүхийн байранд Талибанчууд халдлага үйлдсэний улмаас 54 хүн амь үрэгдэж, 90 гаруй хүн гэмтэж, шархаджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр хохирогчдын 35 нь энгийн иргэн, 10 нь Афганистаны хамгаалах армийн албан хаагч байсан байна. Түүнчлэн халдлагын улмаас гэмтэж, шархадсан хүмүүсийн ихэнхи нь энгийн иргэд байсан бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Афганистаны албаныхны мэдээлснээр лалын зэвсэгт Талибан бүлэглэлийн дайчдын шүүх хурлын үеэр тэсрэх бөмбөг бүхий хантааз өмссөн есөн хүн шүүхийн байранд дайран орж, гал нээн, бөмбөг дэлбэлсэн аж. 

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай 2011 оноос хойш гарч буй энэхүү цуст халдлагыг “алан хядлага” хэмээн нэрлэж, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илрэхийлжээ. Түүнчлэн тэрээр энэхүү хэрэгт тусгай мөрдөн шалгах баг гарган ажиллуулахыг холбогдох албаныханд даалгасан байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж