“Шальке 04” “Интер”-ийг өрсөлдөөнөөс гаргав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

“Шальке 04” “Интер”-ийг өрсөлдөөнөөс гаргав

Ахмад, туршлагатай довтлогч Раул Аваргуудын лигт 71 дэх гоолоо оруулж, Германы “Шальке 04” талбайдаа “Интер”-ийг 2:1 харьцаатай хожсоноор хоёр тоглолтын нийлбэрээр 7:3 харьцаагаар Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. “Хар хөхүүд”-ийг “Сан Сиро” цэнгэлдэхэд нь 5:2-оор буулган авсан “Шальке” шөвгийн дөрөвт өрсөлдөх замаа төвөггүй зассан. Харин одоо тэднийг хүндхэн учраа хүлээж байгаа нь “Манчестер Юнайтед”.

Тоглолтын 45 дахь минутад Раул тооны харьцааг нээсэн. Хэдийгээр “Интер” 49 дэх минутад тооны харьцааг тэнцүүлж, Мотта гоолдсон ч “Шальке” талбайдаа ялалтын төлөө тоглож, 81 дэх минутад Бенедикт Хёведес ялалтын гоол оруулжээ. Тоглолтын дараа “Шальке”-гийн дасгалжуулагч Ральф Рангник “Бид “Интер”-ийн эсрэг хоёр гайхалтай тоглолт хийлээ. Бүх тоглогчид бие биенээ дэмжиж, багийн тоглолт сайн хийлээ. Энэ бидний амжилтын үндэс байсан” хэмээжээ.

“Шальке 04” энэ сарын 26-нд талбайдаа “Улаан чөтгөрүүд”-ийг хүлээн авч, эхний тоглолтоо хийх бол тавдугаар сарын 4-нд “Олд Траффорд” цэнгэлдэхэд зочилно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж