
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж дэд дарга С.Баярцогт өөрөө 14.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж, “Швейцарийн дансанд 1658 евро буюу 2,9 орчим сая төгрөг байдаг” гэх мэдээллийг өглөө. Энэ мэдээллийг анх нийтэлсэн The Guardian сайтын мэдээлэлд бол С.Баярцогтыг “нууц” дансандаа нэг сая гаруй ам.доллартай хэмээсэн билээ.
С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хадгаламжийн тухай анх мэдээлсэн эх сурвалж бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ юм.
Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум нь үндэстэн дамнасан сүлжээ бөгөөд тэд саяхан Монгол, Орос, Канад, Тайланд, Пакистан, Филиппинийн нөлөө бүхий улс төрчдийн сая сая ам.долларын нууц данс, гадаад дахь компаниудын жагсаалтыг гаргасны дунд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын талаарх мэдээлэл байсан юм. Энэ талаар The Guardian сайт эхний мэдээллийг цацсан бол Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум өөрсдийн албан ёсны сайтдаа дараах мэдээллийг мөн гаргажээ.
http://www.icij.org
Энд бичсэнээр бол УИХ-ын Дэд дарга С.Баярцогт Швейцарийн дансанд нэг сая гаруй ам.доллартай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тэр мөнгө бүгдээрээ өөрийнх нь биш гэдгийг тайлбарлажээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дээрх “Legend Plus Capital Limited” хэмээх компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон бөгөөд С.Баярцогт “Legend Plus Capital Limited” гэх нэртэй компанийн нэрийг Швейцарийн банкинд данс нээх зорилгоор ашигласан бололтой. Харин данс нээсэн зорилгоо тэрээр “Олон улсын үнэт цаасны арилжаа хийхийн тулд нээсэн” хэмээн тайлбарласан байна. С.Баярцогт даргын тайлбарласнаар Швейцарийн дансан дахь нэг сая ам.долларын 200.000 ам.долларыг тэрбээр гэр бүлийн бизнесийн орлого / газар тариалан эрхэлдэг/ хэмээсэн бол 800.000 ам.долларыг нэрийг нь дурьдахыг хүсээгүй бизнесийн хамтрагч, гурван найзынх нь гэжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын мэдээллээс харахад С.Баярцогт дээрх дансанд 2000 орчим ам.доллар үлдээн, бусдыг нь /1 сая ам.доллар/ данснаасаа гаргасан аж.
Энд мөн УИХ-ын дэд даргыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь компани болон Швейцарийн банкин дахь нууц дансныхаа тухай мэдүүлээгүй талаар дурьдсан байна.
Дээрх сайтад мэдээлснээр С.Баярцогт “Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Legend Plus Capital Limited” компанийг оруулах ёстой байсан. Би гадаад дахь компаниа татвараас зайлсхийхэд ашиглаагүй. Учир нь “Legend Plus Capital Limited” бол ямар ч орлогогүй компани” гэжээ. Тэрээр мөн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумд хэлэхдээ, Швейцарийн банкин дахь уг дансаа хаах тухайгаа ч дурьджээ.
Орчуулсан Н.ЭНХ