“Элдэв
сургааль оршвой”
Өндөр
ууланд шат шүү, ном тань
Өргөн далайд сал шүү, ном тань
Харанхуй мунхагт зул шүү, ном тань
Харгуй замд газарч шүү, ном тань
Бөглүү замд хүнс шүү, ном тань
Бүгт газар хөтөч шүү, ном тань
Ядрахын цагт үл орхих янаг шүү, ном тань
Ямар ч үед хулгайд үл автах эрдэнэ шүү, ном тань
*******
Хураасан эдийг хулгайд алдаж болмой. Сурсан эрдмийг хулгайд үл алдмой хэмээхүй.
Тиймийн тул хулгайн аюул ирж болох эд хөрөнгийг чөлөөгөөс хасч хулгайн аюул үл
ирэх эрдэмд хичээвээс зохимой.
VIII богд Жавзундамбаагваанлувсанчойжиннямаданзанванчугбалсамбуу
… баян гэж бүү бард, хоосон гэж бүү гомд, баян чинь ганц довон дээр, бардам
омогт ганц бууны суман дээр.
Агваанчүлтэмринчин
Эрхэм чөлөө цагаа дэмий өнгөрөөгөөд
Эцэс хойноо харамсан гашуудах нь
Гүн далайн ёроолд алтаа гээчихээд
Гүнзгий цээлийн захаас шүүрдэж эрэхтэй адил
В. Инжинаш
Зураг зурж сурахад гурван зүйлийн зам буй. Тэргүүнд өөрийн сэтгэлээс төрснийг
зурах, хоёрт багшийг дагаж ёсоор зурах, гуравт бодитойг барьж адил зурах, энэ
гурваас эрхэм нь санаанаас төрснийг зурах нь маш эрхэм.
*******
Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ
*********
Монгол үгэнд ямар гүн хол, хүнд тусалт буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ
угаагаад далайг гүехэн үзсэнээс юун өөр буй.
*********
Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж, мяралзан эрээлжлэх түмэн үйлийг
судар бичиг лүүгээ хэлэлцьмүү.
*********
Үйлс хэдий өчүүхэн боловч
Эс үүсгэвээс үл бүтмой
Ч. Дандаа (Дэмчигдорж)
Соёлгүй бол ухаан нээгдэхгүй. Ухаан нээгдэхгүй бол нэгэн мунхаг балай амьтан
болох тул…эрхгүй мөхөж сөнөхөд хүрнэ.
С. Лувсандондов (Лу гүн)
Билгийн үүднээс бичих
Бийрийн урнаар зурах хоёрын
Өнгө хэлбэр нь анги өөр боловч
Үзүүлэн номлох утга нэгэн буйзаа
Сэтгэн бодох, хөгжимдөх
Сийлж урлах хоёрын
Гадаад дүрс тэс ондоо боловч
Гарган сургах гэсэн учир нэгэн буйзаа
Ноён хутагт Данзанравжаа
Анхад нь болгоомжлон бод
Дунд нь шинжилж оно
Эцэст нь зохилдуулан тавь
Зая бандид Лувсанпэринлэй
Тустай бол хатуу ширүүн үг боловч
Тусган ухаж хайрын үг болгон ав
Тус болохгүй бол магтаал үг боловч
Үнэн баясгах үг хэмээн бүү тооц
Тодорхой толь
Худал үгийг хэлэлцсэнээр
Хоромхон зуур хэрэг бүтэвч
Хотол бүгд дор жигшигдээд
Хойших хэрэг нь үл бүтмой
Үлгэрийн далай
Эд үгүй байтлаа
Хувцасны сайнд дуртай
Хүнээс ирдэг байж
Омог ихтэй
Сургууль үгүй байж
Тэмцэлдэхдээ дуртай
Энэ гурав амьтны инээдэм наадам
******
Нүүрсийг хэдий угаавч цайхгүй
Гадаад өнгөө зассанаар
Дотрын харанхуй арилахгүй
Алтан товч
Хоёр сэтгэлт эрийг
Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эрийг
Эр бус эрдэнэ хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг
эм бус эр хэмээлтэй
Хоёр сэтгэлт эмийг
эм бус нохой хэмээлтэй
Д. Нацагдорж
…..Ертөнцөд хэвлэл хэмээгчээс илүү гайхамшигтай ба илүү чадалтай, олон
ардад ашигтай сонирхолтой зүйлгүй….хэвлэлийн хүчээр хүн төрөлхтнийг хайлуулж
чадна.
Чингэс хаан
Давшгүй даваа хэмээн сонсогдоно
Хэр давах хэмээн бүү сэтгэ
Давьяа хэмээн сэтгэвээс давьюу
Гэтэлшгүй мөрөн хэмээн сонсогдоно
Хэр гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлсүгэй хэмээвээс гэтэльюу
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу…
Бие бөх бөгөөс ганцыг яльюу
Сэтгэл бөх бөгөөс олныг яльюу
Хуучны үг
Тэнэгийн гарт эрх мэдэл аюултай
Хүүхдийн гарт ирт мэс аюултай
Зусрын аманд бялдуучлал аюултай
Дандар лхаарамба
Олонтаа сонсовч номонд мэргэжээгүй бол эмээ барчихсан мэргэн сайн эмч мэт,
тэмцэхэд мэргэн ч туурвих ёсыг мэдэхгүй бол зуун хэлтэн болж өгүүлэвч хэлгий
балай мөн. Туурвихдаа сайн боловч гараар бичих муу бол хүчит их баатар боловч
мухар гарт мөн, туурвих үг үсэг, хэл зүйн ёсоор бус бол маш эрдэмтэн гэвч
сонжуулагдах тул сэрэмжил.
Монгол айлдал номноос