АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэж байна. Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-аас өөрийн багш Жон Мартин Кийнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй эх орондоо авчраад шунахайн сэдлээр нийслэлд ирснийхээ маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Улмаар Ч.Баттуул нь хохирогчийн өмнөөс “Би Монголд байгаа, завгүй байна” гэхчилэн хоёр сарын турш ээжтэй нь фэйсбүүкээр харилцсан гэх ч мэдээлэл бий. Талийгаач Жон Мартин Кийний ээж нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яаманд “Миний хүүг эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлт илгээснээр уг хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Талийгаачийн цогцсыг гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм.
Ч.Баттуулын хүний аминд хүрсэн гэх хэрэгт түүний найзууд гэгдэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарыг хамсаатан буюу гэмт хэргийг нуун далдлахад оролцсон буюу цогцосыг зөөвөрлөж булсан гэх үндэслэлээр буруутгагджээ гэж үзэн, шүүгдэгчээр татаад байгаа юм.
Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 зүйл ангид зааснаар буюу шунахайн сэдэлтэйгээр, өс хонзон авах зорилгоор хүний амь насыг санаатайгаар хохироож, гэмт хэргээ нуун далдалсан гэх хэрэгт буруутгаж буй. Дээрх зүйлчлэлд зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 15-25 жил хорих, эсвэл цааз онооно гэж заасан байна.
Д.ЖАРГАЛ