Булган суманд онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Булган суманд онц байдал зарлажээ

Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагчийг буудаж хөнөөсөн хэрэг энэ сарын 02-нд гарсан. Хэргийн газраас зугтсан зэвсэглэсэн гурван этгээдийг одоогоор олоогүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Эх сурвалжаас тодруулахад “Тус аймагтай хил залгаа Баян-Өлгий, Завхан, Увс аймгуудын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж, замын цагдаагийн пост бүрт шалгалт хийж байгаа. Мөн Онцгой байдлын алба хаагчид гэмт этгээдүүдийг эрэн хайх ажиллагаанд оролцож, Булган суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан” гэв.

Ховд аймгийн Хорих 457 дугаар ангиас оргоод 14 гаруй хонож байгаа хоёр хоригдлыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаас сэжиглэж байгаа гэнэ. 

Хэргийг сануулахад, энэ сарын 02-нд хэрэг гарах үед талийгаач Б.Төмөрчөдөр нарын гурван цагдаа Булган сумын Бүрэнхайрхан багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд энэ үед тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” нэртэй дэлгүүрийн хаалганы цоож эвдэрсэн байхыг ажигласан тэд хулгайн гэмт хэрэг гарсан байж болзошгүй хэмээн үзэж дэлгүүр рүү орсон аж. Тэднийг дэлгүүрт ороход харанхуй булангаас гэнэт буун дуу гарч дэд ахлагчийг онон, амь насыг нь хөнөөсөн юм. 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн, ээж, дүүгийн хамт амьдардаг байсан залуу боловсон хүчин байсан юм. Тэрээр өнгөрсөн сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдсон байжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж