Гурил үйлдвэрлэлт өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Гурил үйлдвэрлэлт өсчээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж  Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн мэдээлэлд дурдсанаар Засгийн газраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чамгүй олон ажлыг амжуулжээ.  Тухайлбал, 2010 оны эхний арван сарын байдлаар 113.6 мянган тн гурил үйлдвэрлэсэн нь 2009 оны мөн үетэй харьцуулахад 55.8 хувиар өссөн байна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 24.1 мянган тоннд хүрсэн ба үүнээс 15.3 мянгөн тонн махыг экспортолжээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 64 хоршоонд 625.0 сая төгрөгийн зээл олгож, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн байна. Сүүлийн гурван жилд авч хэрэгжүүлсэн арга хэжээний үр дүнд атаршсан болон өнжөөсөн 255.3 мянган га талбайг ашиглалтад оруулснаар эргэлтийн талбай 584.0 мянган га-д хүргэжээ. 2010 онд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 5.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хэлэлцүүгийн шатанд гишүүд дээрх тайланд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах  асуудал өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнд хүрсэн нь харагдах ёстой. Түүнээс тайлан дээр сайн үзүүлэлт байснаар ажлын үр дүн хэмжигдэхгүй гэсэн юм.   Эцэст нь Байнгын хорооноос  гаргасан санал дүгнэлтийг нэгтгэн Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж