
Асуудлыг хөөж үзвэл төсөл хожуу өргөн мэдүүлснээс болоогүй бололтой юм. Учир нь эл төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс долоо хоногийн дараа Засгийн газраас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь хэзээ мөдгүй эхлэх чуулганы нэн тэргүүнд хэлэлцэх асуудал болж эрэмбэлэгджээ. Уг нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал байгаа нь үнэн ч ард түмний нуруун дээр ачаа болж буй татварыг хөнгөлөх нь эрхэм түшээдийн алагчлалгүй хийх ажлын нэг байх ёстой. Гэтэл эрхэм түшээдэд ард түмнээс нь илүү хөрөнгө оруулагчид хамгийн чухал хайртай хүмүүс болж хувирч байх шиг.
Уг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөлд НӨАТ-ын орлогын босго өндөрсөж 200 сая төгрөгт хүрэх юм. Ингэснээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэн бүрээс 10 хувиар тооцон татвар авахгүй болно гэсэн үг. Энэ нь өрх гэрийнхээ амьжиргааг залгуулахаар зүтгэж яваа жирийн нэгэн монгол иргэнээс эхлүүлээд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд бизнесээ татварын дарамтгүйгээр цааш үргэлжлүүлэх боломж олгох юм байна. Татварын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2012 оны эцсийн байдлаар 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82,2 тэрбум төгрөг, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 612.8 тэрбум төгрөг, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 249.07 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байжээ. Дээрх тоо баримт нь 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч борлуулалтын ердөө 2.4 хувийг бий болгож буй аж. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчид болон иргэдийнхээ бизнесийг дэмжих зорилгоор эл төслийг УИХ-аас баталчихад буруудах зүйлгүй хэмээн хэлэх эдийн засагчид цөөнгүй байна. Харин УИХ-ын хувьд төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй нь “Төслийг батлах сонирхолгүй байна уу” гэж хардахаас аргагүй болгож буй юм. Ийм хардлага тээхэд хүргэж байгаа бас нэг шалтгаан нь өмнөх Засгийн газрын үед УИХ-д НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч батлагдалгүй өнөөдрийг хүргэжээ. Хэрэв эл төсөл батлагдсан бол жилийн борлуулалтын орлого нь 60 сая төгрөгөөс дээш бол НӨАТ-ын 10 хувийн татварыг аж ахуйн нэгжүүд төлөх байлаа. Харамсалтай нь, том компаниуд хэт жижгэрч татвараас зугатах боломж эрэлхийлэх болно гэсэн үндэслэлээр эл хуулийн төсөл дэмжлэг авч чадалгүй дарагдаж байжээ. Тиймээс энэ удаагийн УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийг УИХ-ын төвшинд хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй нь бас нэг иймэрхүү санал санаачлага гарснаас болж дарагдсан байж болох талтай л юм.
Гэхдээ дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Монгол брэнд” төрүүлэхэд энэхүү хууль ихээхэн ач холбогдол өгч мэдэх юм шүү. Татвар төлөгчдөө хааяа ч гэсэн хайрлаж байвал зүгээрсэн дээ, хууль тогтоогчид оо.