Нүүрсний үнэ “хаашаа” вэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ “хаашаа” вэ?

БНХАУ эрчимтэй хөгжлийнхөө хурдыг сааруулж буйгаас нүүрсний салбарын хөгжил ч саарч байна гэж эдийн засагчид үзэж буй. Дэлхийн орнуудаас нүүрсний нөөцөөрөө эхний аравт багтдаг Монгол Улс 173.3 тэрбум тонн геологийн таамаг нөөцтэй гэгдэх бөгөөд манай нүүрсний ганц худалдан авагч БНХАУ нүүрсний импортоо танаад эхлэхээр манай нүүрсийг хэн авах вэ. Монголоос тонн тутамд нь 280 ам.доллараар авч байсан үе бий бөгөөд одоогийн байдлаар 50 ам.доллараар худалдан авах саналаа ил, далдаар илэрхийлсээр байгаа тухай Нүүрсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран ярьсан. Мөн нүүрсний салбарын үнийн хямрал хэсэгтээ үргэлжилнэ гэдгийг ч тэрээр дурдсан.

Монголд одоогоор 29 компани нүүрс олборлож буйгаас 10-аад нь урд хөрш рүү экспортолж байна гэдэг. Үүн дундаа “Энержи ресурс”, “МАК”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, “Чинхуа МАК” таван том компани ноёлж байгаа аж. БНХАУ-ын Төрийн өмчит компани болох “Чалко”-той хийсэн гэрээ ёсоор “Эрдэнэс Таван толгой”-оос нүүрсийг тонн тутамд 70 ам.доллараар худалдаж аваад удсан. Тэгвэл одоо нүүрсний үнэ унаад, хямрах цагаар энэ үнийг доош буулгахад 50 ам.доллараар авах саналыг “Чалко”-оос гаргаснаар гэрээ Монголд алдагдал авчирлаа гэдэг дүгнэлтэд төр засгийнхан хүрч, гэрээг эргэн харах ёстой гэдэг байр суурьтай байна. Гэтэл манайхаас гайгүй үнээр авахгүй бол нүүрсээ өгөхгүй шүү гээд суучих цаг биш аж. Нүүрсний салбарын өрсөлдөөн дунд манай улс БНХАУ-д нүүрс нийлүүлэх хэмжээгээрээ тэргүүлдэг байсан бол одоо Австрали, Канад, ОХУ, АНУ-ын дараа тавдугаарт бичигддэг болж. Эдийн засгийн өрсөлдөх чадвар сайтай орнууд энэ цөвүүн цагаар орон зайгаа алдахгүйн тулд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт сайтай, нүүрсний салбарын том тоглогч БНХАУ –аас холдох биш, ойртохыг хичээж байна. Жишээ нь, АНУ, Австрали, ОХУ, Индионез улсууд нүүрс экспортлогч компаниудаа тэднээс худалдан авч буй үнийн давалгаанд автуулалгүй татвар чөлөөлөлт, урамшууллын аргаар дэмжиж байна гэх. Улс орнууд хэсэг зуурын хямралыг үл тоон, сэргэх нь тодорхой нүүрсний салбарт ирээдүйд орон зайгаа алдахаас айж нүүрсээ тогтмол нийлүүлэх, илүү хэмжээгээр өгөхөө ч БНХАУ-д мэдэгдсэн гэнэ лээ. Үнэ чухал биш гэж үү. Бидэн шиг нүүрснээс олдог орлого нь улсын төсвийн 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг улсын хувьд энэ амаргүй. Алдагдалтай үнээр өгөөд байвал хэдэн компаниуд хэр удаан тогтох бол? Бодох л асуудал.

Салбартаа толгой цохьдог “Энержи ресурс” компани гэхэд алдагдалтай байгаа ч үйл ажиллагаагаа тасалдуулалгүй хүчээ шавхаж ажиллана гэж байна. Том компани нь хүчээ шавхаж ажиллахдаа тулаад байхад үнийн шуургыг яаж давах вэ? Ямартай ч 2012 оны сүүлийн хагасаас эхэлсэн нүүрсний үнийн уналт хэсэгтээ үргэлжилнэ гэж дэлхийн эдийн засагчид дүгнэлтээ гаргасан. БНХАУ-ын үйлдвэрлэл сэргэж, гангийн үйлдвэрт нь түүхий эдийн хомсдол үүссэн цагт нүүрсний үнэ сэргэх болов уу.

 У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж