Хачирхалтай дэлбэрэлтийн эзнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Хачирхалтай дэлбэрэлтийн эзнийг хайж байна

Дөрөвдүгээр сарын 11-ний орой Белорусийн нийслэлд дэлбэрэлт болж 11 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан.

Дэлбэрэлтийг зохион байгуулагч нар нь ямар зорилготой байв? Улстөржилт үү? “Европын сүүлийн дарангуйлагчийн” хязгаарлалтыг дэмжиж байна уу? Эдийн засгийн сүйрлийн байдлыг нуухыг хүсэв үү?  Ямар ч тохиолдолд Белору­сийн тогтвортой, амгалан байд­лыг тогтооно гэж ярьдаг Лукашенкогийн санаа нуран уна­лаа. Сөрөг хүчнийхэн мөрд­лөгө мөшлөгөөс айж эхлэв.

Даваа гарийн орой ерөнхий­лөгчийн өргөөнөөс холгүй Минскийн метроны станцад дэлбэрэлт гарлаа гэж The New York Times бичив. Энд мэдээлснээр бол наад зах нь 11 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдаад байна. Дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээнэ гэж хэн ч мэдэгдээгүй байна. Оросын өмнөд нутгийн лалын салан тусгаарлагчид Москвад террорист халдлага хийж байснаас Минскт хал­даж байсангүй. Белорусьт лалын босогчдын хөдөлгөөн байхгүй. Лукашенко өөрий­гөө тогтворжуулагч хүч гэдэг. “Гэхдээ Лукашенког арван­хоёрдугаар сард дахин сон­гогдсоныг түүний сөрөг хүчин сонгуулийн будлиан гэж  нэр­лэн Белорусь улс төрийн самуун дэгдсэн” хэмээн тус сонин бичээд арванхоёрдугаар сарын 19-ний сөрөг хүчний эсэргүүцлийг сануулав. “Сон­гуу­лийн өмнө ба дараа нь сөрөг хүчин үндсэндээ тайван бай­лаа. Гэсэн ч сүүлийн жи­лүүдэд тайлбаргүй, ха­чин дэл­бэрэлтүүд гарч байв” гэж сонин бичээд 2008 онд Минскийн цэцэрлэгт хүрээлэнд болсон дэлбэрэлтийн шалтгааныг засаг захир­гаа тодруулж чадаа­гүй. Мөн 2005 онд Витебскт гарсан хоёр дэлбэрэлтийг дурьдсан байна.

“Энэ “бэлгийг” бидэнд гад­наас авчирсан байхыг үгүйс­гэхгүй. Гэхдээ дотроо бас шалгах хэрэгтэй” гэж Лукашенко мэдэгдсэн юм. “Эрчүүд ээ, бидэнд ноцтой дуудлага ирлээ. Бид ижил төстэй хариу барих хэрэгтэй байна. Шалтгааныг нь олох  ёстой. Биднийг тайван амьд­руулахгүй нь гэж би та нарт сануулж байсан шүү дээ. Тэд хэн бэ? Үүнд хариу өгөхөөр яарахыг бид та нараас гуйж байна” гэж тэрээр хүчний байгууллагынхаа тэргүүн нарт хандсан байлаа.

SPIEGEL ONLINE Белору­сийн дэлбэрэлтийн тухай материалаа “Хаанаас ч биш бөмбөг”  гэж гарчиглажээ. Ал­лагын зохион байгуулагч тодор­хойгүй байгаа учир ерөн­хий­лөгч Лукашенко террористуудын авд мордлоо. Сөрөг хүчнийхэн харгислалд өртөнө хэмээн айж байна. Тогтвортой байдал, аюулгүй байдлын баталгаа гэсэн үг амны уншлага нь болсон дарангуйллын зүрхэнд дэл­бэ­рэлт боллоо хэмээн уг материалыг зохиогч Беньямин Биддер бичжээ. Минскт бол­сон энэ аллага маш  хачин гэж сурвалжлагч  үзэж байна. Аллагийн өмнө Атлантын эвс­­лийн орнууд эсвэл хөрш Орос шиг нь хэн нэгнээс ямар нэгэн заналхийлэл, са­нуул­га гаргаагүй. Бас  Бе­лорусь лалынхантай зэвсэгт мөр­гөлдөөнөөс ангид байгаа. Гэтэл Минскт цуу яриа дэгдэж байна. Гэмт хэргийн сэжигтний зураг албан ту­шаалт­нуудын өрөөгөөр өл­гөө­­тэй байгаа гэсэн яриа дэгдсэнээс гадна нэ­рээ нуу­цалсан блогчид ерөн­хий­лөг­чийг үүнд буруутгаж байна. “Аймшгийн хардалт сэр­дэлт. Лукашенко  эсвэл түү­ний гар хөл бологчид дотоо­дын асуудлаас олны анхаар­лыг холуулахын тулд түүнийг зохион байгуулсан байж магадгүй хэмээн сөрөг хүчний хүрээнд ярьж байна” гэж сэтгүүлч бичээд одоо Белорусь эдийн засгийн хүнд асуудалтай байгааг сануулжээ.

Белорусийн автократ  Алек­сандр Лукашенко дэлбэрэлтээс үүдэн хатуу үг чулудаж бай­на. Минкскийн метронд хийсэн дэлбэрэлт тус улсын амгалан байдлыг алдагдуулах зорилготой санаатай үйлдэл, энэ “бэлэг” гадных гэж тэрээр хэлснийг Австрийн Die Presse өгүүлжээ.

Харин Лукашенко ба түү­ний хүрээнийхэн аллагыг зо­хион байгуулан үүгээрээ эдийн засгийн хүнд асуудлаас олны анхаарлыг холдуулах гэж байгаа гэдэгт Оросын шинжээч Алексей Власов итгэх­гүй байна. Ямар нэ­гэн тоглоом эхлүүлж буй Белору­сийн элитийн доторх ямар нэгэн хүчинд уг хэргийг нааж болох юм хэмээн тэрээр үзжээ.

Венийн Белорусийн асууд­лын шинжээч Ханс-Георг Хайнрих Лукашенкогийн дэг­лэ­мийн  “саарал хамба” Виктор Шейман энэ дэлбэрэлтэд ха­маатай байж болох хүн гэж үзжээ. Мөн элитийн доторх еврейн эсрэг хүчин ч үүнийг олон нийтийг улстөржүүлэх зорилгоор хийсэн байж болох талтай гэнэ.  
Хэдхэн хоногийн өмнө шоронгоос гарсан Минскийн улс төр судлаач Александр Федута арай болгоомжтой ярьж байна. Түүнийхээр гад­наас тус орны байдлыг үймүүлэх оролдлогын тухай хувилбарын талаар яриа байж болох талтай аж. Орос эсвэл нутагтаа хүчгүй болсон Белорусь эдийн засгийн сонирхолтой Оросын ямар нэгэн хар хүчин энд хамрагдах магадлалтай байж болох гэнэ хэмээн Федута хэлснийгуг хэвлэл дамжуулсан байв.

Минскийн метрон дахь алла­гаас үүдэн Белорусь өргөн цар хүрээтэй мөрдөн мөшгөлт эхлүүлж магадгүй хэмээн Италийн La Repubblica бичжээ. Албан ёсны дүгнэлтээр дотоодын тер­роризм байж болно гэж Лукашенко хэлсэн учраас ийм зүйл гарч болох юм гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид ба тэрслүү үзэлтнүүд хэлж буй. Оросын бие даасан “Огонек” сэтгүүлийн сэтгүүлч Павел Шеремет “Тэд сөрөг хүчнийг буруутган, сүүлийн саруудад эрчимжсэн хяналтыг зөвтгөхөөр оролдоно” гэснийг сонин онцолжээ.

Бусад шинжээчид Засгийн газрын тусгай албаныхны явуулга гэж хэлэх талдаа байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн дүгнэлтийг хийхэд эрт байна. Шинж байдал нь адил ч Кавказынхны хэв биш гэж одоогоор бараг бүгд л хэлж байна. “Арван хоёрдугаар сарын сонгуулийн дараах өр­гөн олны эсэргүүцлийг дагасан баривчилгаа, Лукашенког эсэр­гүүц­сэн улстөрчдийн алга бол­сон тухай олон арван зар гарснаас хойш Белорусь гүнзгий хямралтай байна. Зөвхөн улс төрийн хувьд хям­раад зогсохгүй, орон нутгийн мөнгөний ханш унаж байна. Үнийн өсөлт зогсохгүй юм шиг. “Улс оронд ноцтой байдал үүслээ” гээд Засгийн газар нь асар их зээл авах хүсэлтээ Москвад тавьсан байгаа. Өчигдөр энэ хүсэлтийн шалтгаанаа харуулаа” гэж La Repubblica сонин бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж