
“Fashion TV”-г үндэслэгч Мишель Адамын 61 насны ой энэ сарын 16-нд тохиох гэж байна. Дэлхийн 200 орны 600 сая орчим айл өрхийн цэнхэр дэлгэцээр цацагддагаараа хамгийн хүртээмжтэй сувгийн жагсаалтад дөрөвт ордог энэ нэр хүндтэй телевизийн ерөнхийлөгчийн төрсөн өдрийн баярт монголчууд уригджээ. Төрсөн өдрийн баяраа нүсэр тэмдэглэдгээрээ алдартай “FTV”-гийн эзэн “BLUE-Mon group”-ийн захирлыг өөрийн баярт урьсан байна. Энэ урилгын үр дүнд “Fashion TV”-гээс өнгөрсөн онд худалдаанд гаргаж, сүүлийн үед нэлээд нэр хүнд олоод байгаа “F Vodka” брэнд Монголд орж ирэхэд ойрхон болжээ. “Загварын шидэт шингэн” нэртэй энэ брэндийг Мишель Адамын төрсөн нутаг болох Польшид нутгийн эртний уламжлалт жор, найрлагаар үйлдвэрлэсэн юм байна. “Fashion TV”-гийн үзэгчдийн 65 хувь нь 20-50 насны аялал зугаалга, үдэшлэг цэнгүүнд дуртай эрчүүд байдаг бол 35 хувь нь 18-35 насны, загвар шоунд дуртай ганц бие бүсгүйчүүд байдаг. Тиймээс “Fashion TV” эдгээр үзэгчдэдээ болон дэлхийн томоохон хотуудад цуврал болгон зохион байгуулдаг “FTV” партидаа зориулан “F Vodka”-г гаргажээ.
Дэлхийд алдартай “Fashion TV” өнгөрөгч зун Монголд албан ёсоор цацах эрхээ өгч, “F Party”-гаа зохион байгуулсан билээ. Харин удахгүй “F Vodka” брэнд орж ирэх сураг гарсан нь дэлхийн загварын ертөнц Монголд улам бүр ойртож буйг харуулж байна.