
Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан “Реал Мадрид” болон “Тоттенхэм” багийн хариу тоглолт өнгөрсөн шөнө Лондон хотын “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд болж, Бразил хаалгач Эурелио Гомесийн “ачаар” “Реал” 1:0 харьцаатай ялалт байгууллаа. “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхдээ 4:0-ээр “Тоттенхэм”-ийг буулган авсан “Реал” ийнхүү хоёр тоглолтын нийлбэрээр 5:0 харьцаатай ялалт байгуулж, хагас шигшээд мөнхийн өрсөлдөнгч “Барселона”-тай халз тулахаар болж байна. Тоглолтын 50 дахь минутад Криштиан Рональдугийн 25 яардын зайнаас цохисон бөмбөг Гомесийн гаранд шүргэж, улмаар “хаалгачтай хамт гоолын шугамыг давсан” юм. Өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтоо амжилттай өндөрлүүлж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ бараг л авчихаад байсан ч “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньо хаширлаж, шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргасан.
“Реал” ийнхүү өрсөлдөгчөө буулган авснаар хагас шигшээд нутгийн өрсөлдөгч “Барселона”-тай тоглоно. Ингэснээр ердөө 18-хан хоногийн дотор тус хоёр баг хоорондоо дөрвөн удаа таарч тоглоно. Ла лиг, Копа дел Рей болон Аваргуудын лигийн хоёр тоглолт. Эхний “Эль Классико” энэ амралтын өдрүүдэд Ла лигийн хүрээнд “Сантьяго Бернабеу”-д болох бол үүнээс дөрөв хоногийн дараа Испанийн цомын тэмцээний финалд Валенсия хотноо халз тулна. Харин дараа нь Аваргуудын лигийн хоёр тоглолт тэднийг хүлээж байна.
С.Цэлмэг