Хаяг солих ажил удаашралтай байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Хаяг солих ажил удаашралтай байна гэв

Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, ТХЗ-ийн гишүүн, МУБИС-ийн МСС-ийн захирал Ц.Өнөрбаян, МУИС-ийн МХСС-ийн захирал Ж.Баянсан нар өнөөдөр Засгийн газрын 37-р тогтоол болоод түүний хэрэгжилтийг олон нийтэд танилцууллаа. Дээрх тогтоолоор хот суурин дахь албан байгууллагуудын хаягийг монгол, кирилл үсгээр бичих, бага насны хүүхдийн сэтгэхүйд таарсан, ойлгомжтой хэлбэрээр монгол хэлийг заах, монгол хэлний журамласан толь бичиг гаргахаар заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамныхан энэ тогтоолын хэрэгжилтэд хойрго хандаж байгаа гэнэ. Ялангуяа байгууллагуудын хаягийг шинэчлэх ажил дорвитой хийгдэхгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлд 17500 албан байгууллага байгаагаас 1700 нь хаягтай, үлдсэн нь хаяггүй байгаа гэнэ. Мөн гэр хороололд 45660 айлын хашаанд хаяг, хаалганы дугаар хийхээс 43992-т нь хийсэн гэсэн судалгаа байдаг байна. Энэ мэт Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд санаа тавьж ажиллахгүй байгаа дээрх газруудад ТХЗ-өөс хуулийн хүрээнд зөвлөмж хүргүүлж, шаардлага тавьж байгаагаа тэд хэлж байлаа.

Үүнээс гадна монгол хэлний журамласан толь гаргах нь эрдэмтдийн дунд нэлээд асуудал үүсгэх гэнэ. Учир нь тэд Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гэх мэт хэлний ноён оргил болсон эрдэмтдийн сургуулиар хүмүүжсэн байдаг бөгөөд өөрсдийн бичсэнийг зөв хэмээн баталдаг ажээ. Энэ талаар МУБИС-ийн МСС-ийн захирал Ц.Өнөрбаянгаас тодруулахад “Бидэнд өмнө нь олон хэлбэрээр бичиж байсан 700 үгийг журамласан туршлага бий. Тиймээс бид үүнийг хийж чадна. Эрдэмтэн мэргэд, багш, сурагчид, иргэдийн төлөөллийг оролцуулан зөвшилцөх байдлаар энэ толийг гаргана” гэлээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж