-СӨХ хариуцлагагүй байгаа талаар ярина гэлээ. Яг ямар асуудал үүссэн талаараа дэлгэрэнгүй ярих уу?
-Г.Б: Манай хотхоны таван байр өнгөрсөн жил цуварч ашиглалтад орсон. Нөхөр бид хоёр ажилтай болохоор яг ямар СӨХ сонгогдож байгааг мэдээгүй. Тэгтэл манай СӨХ маш хариуцлагагүй ажиллаж байна. Анхнаасаа домафон системтэй байр гэж хэлчихээд нэг давхарт шатны дор хүмүүс амьдруулж байгаа. Заавал домафон системээ байг гэхэд эргэн тойронд орцон дахиа цэвэрлэчих гэсэн шаардлага тавиад байгаа юм. Манайх нэг давхарт байдаг болохоор цонх онгойлгохоор бохир үнэртдэг. Түүнийгээ цэвэрлээд өгөөч гэхээр “Та нар өөрсдөө цэвэрлэ” гэдэг. Дээрээс нь орцны үйлчлэгч нар нь коридорт тамхи татдаг. Хүн амьдарч байгаа юм чинь хоол унд үнэртэх бол байх л шүү дээ. Гэтэл тамхи татаад, архи уугаад амгалан тайван байдал байнга алдагдуулдаг.
-Сууц өмчлөгчдийн холбооныхоо даргад асуудлаа тавьж үзсэн үү?
-Д.О: Дарга нь н.Сүхбалсан гэж хүн байна лээ. Энэ хүнд асуудлаа ярихаар огт хүлээж авдаггүй. Харин “Цалин хөлс нь муу, ажил хийх хүн олдохгүй байна. Арай гэж олж ирсэн хүмүүсийг та нар үргээх гээд байх юм. Та нар худлаа ярилаа. Ер нь та нар зохицоод байвал бай би яаж ч чадахгүй” гэдэг. Авсан хүмүүс нь орцонд архи уудаг, тамхи татдаг. Урд шөнө ч бас архидаж, хэрэлдээд ерөөсөө унтуулсангүй.
-Г.Б: СӨХ-ын дарга н.Сүхбалсанд та ядаж тамхи татах хууль гарсан болохоор орцныхоо цэвэрлэгчийг орцонд болон дөнгөж гараад орцны үүдэнд битгий тамхи татуулаач. Үүдээр дүүрэн тамхины иш байна. Ийм юмыг хэлж чадахгүй бол хэвлээд тавьчихаач. Чадахгүй бол би тавьчихъя гэхээр хүлээж авдаггүй. Өнгөрсөн шөнө дөрвөн цаг өнгөртөл унтаж чадаагүй. Шатны дор амьдардаг хүмүүс шөнөжингөө архидаж, зодолдсон. Уг нь дөнгөж шинээр ашиглалтад орсон сайхан байр л даа. Байрны орцонд ингэж хүн амьдруулах нь бидэнд хэцүү байна. Хүүхдүүдээ гаргаж салхилуулж чадахгүй, цонхоо онгойлгохоор нохойн баас үнэртдэг. Баас, шээс яг цонхон доор байгаад байгаа юм. Би хааяа гарч цэвэрлэдэг. Тэгээд СӨХ-ндоо хэлэхээр хүлээн зөвшөөрөхгүй. Би оршин суугчидтайгаа хурал хийе гэсэн чинь СӨХ-ны байцаагч н.Ганболд гэж хүн “Та нар хурлаа хийгээд яв л даа. Амьдарч чадахгүй бол энэ байрнаасаа гарцгаахгүй юу. Бид нар өнөөдөр орцыг чинь цэвэрлэж байгаа нь их юм” гэсэн. Манай нөхөр СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь өгч байх ёстой. Дараа нь тэр чинь бөөн өр болчихдог гээд өгөөд л байсан. Мөнгөө өгсөн юм чинь эрхээ эдэлж амгалан тайван тав тухтай байхыг хүснэ шүү дээ.
-СӨХ чинь хэдэн төгрөг хураадаг вэ?
-Д.О: Нэг айлаас дунджаар 15 мянган төгрөг авдаг. 250 айлын орон сууц гээд бодохоор гайгүй л мөнгө цуглардаг шиг байгаа юм. Өглөө гэрээсээ гарахад орцонд тамхины нэвчсэн үнэр. Шатны доор зай гаргаж өгсөн амьдрах орчинтой болохоор гараад шээж, баагаад байдаг юм болов уу гэж боддог. Манайх гурван давхарт боловч цонх онгойлгохоор л эвгүй үнэр үнэртдэг. Тэгээд СӨХ-ны даргад орцноос тамхи үнэртэж байна, гадаах бохир ихэдлээ, орцны цэвэрлэгээ муу байна гэтэл тэр хүмүүсээ дуудаж оруулж ирээд “Энэ хүн ингэж орж ирлээ” гэсэн. Гэтэл мэдрэл нь муу юм шиг хэдэн хүн СӨХ-ны даргатайгаа нийлж “Чи өөрөө хог тарьдаг, орцонд тамхи татдаг” гээд их муухайгаар хэл амаар доромжилж дайрсан. СӨХ-ны дарга нь “Чи харж байгаа биз дээ. Манай ажилчид ингэж байна. Ер нь чи буруу шаардлага тавиад явж байгаа юм биш үү. Боливол яасан юм” гээд бүр нэг бах нь ханасан шинжтэй хэлж байна билээ. Тэр хүмүүсээс хэлэх хэлэхгүй үг гарч байсан. “Эр хүний тайрдас, лизингийн байранд орчихоод юу гээд байгаа юм хажууд чинь хэн байх нь ямар хамаатай юм” гэж ирээд янз бүрийн үгээр доромжлоод болдоггүй ээ. СӨХ-той нь ер таарахгүй юм. Тэдэнтэй хариуцлага тооцдог газар байдаг бол арга хэмжээ аваасай.
-Та нарын зүгээс хичнээн удаа шаардлага тавьсан бэ. Урд шөнө унтуулсангүй гэлээ. Яг юу болсон юм бэ?
-Г.Б: Би нэг давхарт байдаг болохоор дахиж орж хэлэхээс айгаад байгаа. Гараад хэл ам хийвэл буцаж ирээд чулуу мод шидчихэж магадгүй. Ухамсаргүй хүмүүс чинь буцаагаад ухамсаргүй үйлдэл хийчих байх гэж айдаг. Өнгөрсөн шөнө (2013.03.31-нд) хэрүүл нь хоёр цагаас эхлээд дөрөв өнгөртөл үргэлжилсэн. Хаалга онгойлгомогц л орцонд нэвчсэн тамхины үнэр ханхийдэг.
-Д.О: Урд шөнийн бичлэг энэ байна. (Орилолдож, чангаар хэрэлдэж байгаа хүмүүсийн бичлэг үзүүлэв. Сурв) Хичнээн хүн амьдардгийг нь ч мэдэхгүй. Очихоор маш бүдүүлэг хүмүүс байдаг юм билээ. Шөнө дөрөв өнгөрч байхад архидаад хэрэлдэж орилолдоод манай гэр бүлийн хүн хүүхдүүд маань унтдаггүй. Ер нь энэ байдлыг хэлэхээр СӨХ нь хүмүүсээ 100 хувь өмөөрдөг. “Битгий солиороод бай амьдарч байгаа хүмүүс тамхи татахгүй яадаг юм” гэдэг. Өчигдөр (2013.03.31-нд) дөрвөн цагийн үед авгай нөхөр хоёр гадаа зодолдоод шуугилдаад байхаар нь очтол согтуу хүүхэн гартаа хутга бариад элдэн хөөж байна лээ. Манай гэр бүлийн хүн ч тэдэнд битгий юм хэлээрэй гэдэг. (“Ална шүү гэх мэт үгс хэлээд шатаар хөөж байгаа эмэгтэй, мөн шөнө гадаа хэрэлдэж, зодолдон орилолдож байгаа хүмүүсийн дүрс бүхий бичлэг үзүүлэв. Сурв.)
-Ийм байдал хэр элбэг гардаг вэ?
-Д.О: Хэдэн сарын турш үргэлжилж байна. Өдөр болгон биш ч ер нь дандаа доргисон архи уусан байдалтай байдаг. Бид оршин сууж зохих мөнгөө төлөөд тэд бидний цалингаар үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Шаардлага тавихаар өөдөөс ухаантай эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс тавьчихна. Тэд нар нь хэл амаар доромжлоод хөөж туудаг. Юм хэлэх арга байхгүй.
-Г.Б: Хүлээж авахгүй болохоор нь өдрийн цагаар ажлаасаа чөлөө аваад яг архидаж байхад нь СӨХ-ын байцаагч н.Ганболд гэдэг хүнийг нь аваачиж харуулсан. Гэтэл харваас архидаад хэл ам нь таталдаад байхад орчихоод юу ч хэлэхгүй “Сайн байна уу” гэж инээж юм ярьж байгаад юмаа цэвэрлэчихээрэй гээд гараад явчихаж байгаа юм.
-Орцны цэвэрлэгээ хэр хийгддэг вэ?
-Д.О: Хотхон бол тэр чигээрээ хогонд дарагдчихсан шүү дээ. Энэ СӨХ аравдугаар сард хурлаа хийгээд арваннэгдүгээр сарын 1-нээс СӨХ үндсэн ажилдаа орлоо гэсэн. Бид өөрсдөө ч сонгоогүй. Дандаа л нэг нутгийн хүмүүс бололтой юм билээ. Ямар ч хурал хийлгүй сонгосон хүмүүс. Бид гурав, дөрвөн сар үйл ажиллагаа нь жигдэрч, хогоо авах байлгүй гэж харсан боловч байдаггүй. Нохой шувуу хэлхэлдсэн, өвгөнтийнхөн орж гарсан, хашаа нь онгорхой цоорхой л байдалтай байна. Орцыг нэг цэвэрлэчихээд 7-10 хоног цэвэрлэдэггүй.
-Г.Б: Үүдэнд цус асгарчихсан нь долоо хонож байгаа юм. Бид хэрүүл хийх гээд хараад байгаа юм биш шүү дээ. Гэрлүүгээ орох болгонд л харагдаад байдаг. Тэгэхээр тэдний ажлаа хэрхэн хийж байгаа нь харагдаж байгаа байх. Сүүлдээ орцоо цэвэрлэ гэхээр “Цагаан эмнэлгийн шал хийсэн нь буруу. Энэ их амархан халтартчихдаг, аймар хэцүү” гэж байгаа юм.
-Д.О: Боломжийн ядарсан хүмүүс байдаг шүү дээ. Хоол хийж идчихээд, тамхи татвал гадаа гарч татдаг бол бид нар хажиглаад байхгүй. Хамгийн гол нь архидалт, тамхидалт нь арай дэндэж байна. Тэгээд ааш муутай. Яасан юм бол цэвэрлэгээ хэзээ хийх юм бол гээд хэлчих юм бол биднийг барьж аваад загначихдаг. Хаалгыг нь санамсаргүй онгойлгочихвол “Өө муу хачин пизда” гэх зэргээр харьцдаг. Явахаар хойноос хараагаад л үлдэж байгаа юм. Үнэхээр хэцүү амьдарч байна. Амьдрах орчноосоо л нервтээд эхэлж байна шүү дээ. Хаалга яаж ч хаалттай байсан үнэр орж ирээд байдаг юм байна.
-Одоо СӨХ-ны мөнгийг өгч байгаа юу?
-Д.О: Ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байгаа болохоор би сүүлийн нэг сарын мөнгө өгөөгүй.
-Г.Б: Би өгч байгаа. Өгөхгүй болохоор яаж дарамтлах бол гэж айгаад байх юм.
Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин