Газрын алба авлигаар тэргүүлсэн хэвээр

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Газрын алба авлигаар тэргүүлсэн хэвээр

Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааг Азийн сангийн санхүүжилт дэмжлэгээр “Сант марал” судалгааны төвөөс явуулсан байна. Энэхүү судалгааг 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон явуулж ирсэн бөгөөд энэ удаагийн судалгаанд нийслэлийн долоон дүүрэг, зургаан аймгийн 21 сумын 1350 өрхийг хамруулсан байна. Авлигын талаарх хүмүүсийн төсөөлөл болоод өрхийн төвшин дэх авлигын тохиолдлыг судлан үзэхэд авлигад хамгийн их өртсөн салбараар газрын албыг нэрлэжээ. 2006 оноос хойш эл байгууллага авлигад манлайлсан хэвээр байгаа юм. Харин авлигын жагсаалтын хоёрдугаарт уул уурхай, гуравт худалдан авалтын тендер, дөрөвт мэргэжлийн хяналтын газар, тавд улс төрийн намууд жагссан байна.

Түүнчлэн авч, өгч буй авлтгын хэмжээ нь бага боловч давтамж өндөртэй салбарт боловсрол, эрүүл мэндийг нэрлэсэн байна. Эмч, багш нарт өгдөг хахуулийн давтавж жилд 47-48 гэж бүртгэгдсэн бол хахуулийн дундаж хэмжээ нь 134-423 мянган төгрөг байдаг гэнэ. Мөн иргэдээс олон удаа хахууль авдаг хүмүүсийн тэргүүнд цагдаа, төрийн албан хаагч, шүүгчид багтжээ. Эдгээр хүмүүсийн дундаас хамгийн их хэмжээний хахууль авдаг нь шүүгчид аж. Тэдэнд өгдөг хахуулийн хэмжээ хоёр сая 364 мянган төгрөгт хүрсэн гэж иргэд “мэдүүлсэн” байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж