-Хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өчигдөр 23.00 цагийн үед Бүрэнхангай багийн цагдаагийн хэлтсийн алба хаагч Д.Төмөрчөдөр тус багийн “Бүрэн” нэртэй авто сэлбэгийн дэлгүүрийн цоож эвдэрсэн байдалтай байгааг олж илрүүлсэн байгаа юм. Хулгай орсон байж болзошгүй гэж үзэн, эргүүлийн гурван цагдааг хэргийн газарт дуудсан байна. Улмаар дөрвүүлээ дэлгүүр рүү дотогш нэвтэрч, байдлыг тандах зуур харанхуйд дэлгүүрийн булангаас буун дуу гарч, цагдаагийн алба хаагчийг буудаж, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа.
-Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлж амжаагүй юу?
-Сумын эмнэлэг хүргэх замд амьсгал хураасан. Талийгаач Д.Төмөрчөдөр нь тус сумын цагдаагийн хэлтэст өнгөрсөн нэгдүгээр сард ажилд орсон, 20-хон настай ээж, дүүтэйгээ амьдардаг байсан.
-Сэжигтнүүдийг баривчилсан уу?
-Баривчлаагүй, одоогоор эрэн сурвалжилж байна. Шархадсан алба хаагчийг дэлгүүрээс гаргаад дэлгүүрийн үүдэнд отолт хийсэн байгаа юм. Гэтэл зэвсэглэсэн гурван этгээд дэлгүүрийн цонхоор гарч зугтсан гэсэн.
-Цагдаа нарт өөрсдийгөө хамгаалах ямар багаж хэрэгсэл байсан бэ?
-Гав, бороохойтой байсан.
-Ховд аймгийн Хорих 457 дугаар ангиас оргосон хоригдлуудыг энэ хэрэгт холбоотой гэж үзэх үндэслэл бий юү?
-Ховд аймгийн хорих ангиас оргосон хоёр хоригдлыг эрэн сурвалжилж байгаа. Чухам энэ хэрэгт холбоотой эсэхийг мэдэхгүй байна. ЦЕГ-ын даргын тушаалаар өнөөдөр өглөө нисдэг тэрэгтэй ажлын хэсэг Ховд аймгийг зорьсон. Мөн Ховд аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дөлбадрахаар ахлуулсан ажлын хэсэг мөн тус сумыг зорьсон байгаа.