Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 14

Энэ өдөр төржээ
Голландын математикч, физикч ба одон орон судлаач Христиан Гюйгенс (1629.04.14-1695.07.08)

Христиан Гюйгенс 1629 оны дөрөв­дүгээр сарын 14-нд Гаага хотод төржээ. Тэрээр Лейден болон Бредийн их сур­гуулийг дүүргэж, 1665-1681 онд Парист, 1681 оноос Гаагад амьдарч байлаа. Тэрээр шинжлэх ухааны үйл ажиллагааг сонгодог тооны асуудлаар эхэлсэн гэдэг. Гюйгенс “π” тооны мэдэгдэхүүнийг тогтоож, гиперболын квадратын онолыг боловсруулсан байв. “Мөрийтэй тогллоомын тооцооны талаар” гэсэн анхны том бүтээлээ 1657 онд дуусгажээ.

Гюйгенс “Дүүжинт цаг”-аар алдаршсан юм. Тэрээр цагийг хөдөлгөгч механизмыг зохиогч ажээ. “Савлах цаг буюу дүүжингийн хөдөлгөөн” нэртэй бүтээлээ тэр 1673 онд хэвлүүлсэн бөгөөд оптикийг судлан линзтэй одон орны дуранг бүтээжээ. Мөн бага өнцгийг хэмжих микрометрийн төхөөрөмжийг зохиосон байна. Гаага хотноо Нидерландын эрдэмтэн Христиан Гюйгенс өөрийн хийсэн одон орны дурангаар 1655 онд ажиглалт хийж байгаад Санчирын анхны дагуул одыг нээсэн юм. Түүнд тус­гай нэр өгөлгүй зүгээр л “Санчирын сар” хэмээн нэрлэжээ. Шинжлэх ухааны нээлтээр алдар нэртэй болсон түүнийг Францад урьсан бөгөөд Гюйгенс Парисын одон орон судлалын төвийг байгуулахад оролцсон гэнэ. Гюйгенс өөрийн бүтээсэн 24 футын одон орны дурангаар Санчир гаригийн цагиргийг нээснээс гадна түүний дагуул Титаны Санчирыг тойрох тойрог замын тооцоог хийсэн байлаа. Мөн тэрээр Ангараг ба Бархасвадь гаригийн туйлуудыг нээжээ. Гюйгенс 1680 онд сансрын биетийн хөдөлгөөнийг үзүүлэх “гаригсын машин” гэдгээ бүтээх ажлаа эхэлсэн юм. Гюйгенс төрөлх хотноо 1695 оны долдугаар сарын 8-нд таалал төгсчээ.

Энэ өдөр таалал төгсжээ.

Оросын алдартай зураач Михаил Врубель (1856.03.17-1910.04.14)

Михаил Алек­санд­­рович Вру­бель 1656 оны гурав­дугаар сарын (5) 17-нд Омск хотноо төржээ. Петер­бургийн уран сайхны академид (1880-1884) суралцсан тэрээр Итали, Франц, Герман, Грек, Швейцарьт нэг бус удаа очиж, дэлхийн сонгодог урлагаас суралцсан юм.
 А.А.Иванов ба Н.Н.Ге нарын сонгодог зураачдын уламжлалыг  Врубель үргэлжлүүлэн хүний ахуй амьдрал, сайн муугийн тэмцэл, хорвоод хүний эзлэх байр суурийг гүн ухаан, уран сайхны аргаар өөрийн уран бүтээлд үзүүлж чадсан байна. Врубель дундад зуун ба сэргэн мандлын романтик, эртний болон орос үлгэрийн сэдэвт байнга хандан Оросын урлагийн бэлгэдлийн хэв маягийг бий болгосон зураачдын нэг. Түүнчлэн урлаг, амьдралын холбоог нэгтгэсэн, тэнгэрлэг монументаль хэв маягийг бүтээжээ. Мөн түүний урлагаас “модерн” стилийг харж болно.

Гэхдээ түүний урлаг нь модерн ба симболизмаас илүү утга агуулгатай. Амьдралын ээдрээг тайлах эрмэлзлэлээрээ тэр дадал болсон дүр төрхийн цаад нуугдмал санааг гаргаж байлаа. Хүний сэтгэлийн мэдрэмж, ертөнцийн гоо үзэсгэлэнг «Пан», 1899, «Шөнийн нөмрөлт», 1900, «Галт борын цэцэг» зэрэг зургуудаас нь харж болно.

Врубель 1884-1889 онд Киевт  амьдарч, сүм хийдийн зураг ихээр бүтээж байв. Түүний монументаль урлагт татагдсан нь 1890-ээд оны бүтээлээс нь харагддаг. Тэрээр Абрамцевогийн уран бүтээлчдийн нэгдэлд нэгдсэнийхээ дараа М.Ю.Лермонтовын уран зохиолын чимэг зургуудыг хийжээ.

1900-аад он Врубелийн уран бүтээлд эмгэнэлт тайлагнал давамгайлж, заримдаа сэтгэл санааны нугаралт нь хүчтэй ажиглагдаж байлаа. Врубель 1902 оноос сэтгэцийн өвчинд нэрвэгдэж, 1906 онд бүрэн хараагүй болсон юм. Зураач 1910 оны дөрөвдүгээр сарын (1) 14-нд Петербург хотноо таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж