Өвөл урт амарсан тул хаврын амралтыг богиносгожээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Өвөл урт амарсан тул хаврын амралтыг богиносгожээ

Ерөнхий боловсролын сургуулиуд ирэх даваа гаригаас 14-нийг дуустал нэг долоо хоног амрахаар болсон.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуулиудын хаврын амралт яагаад долоо хоног болж богиноссон юм бэ?

-Өнгөрсөн өвлийн амралтаар бага ангийн сурагчид таван долоо хоног, зарим нь найман долоо хоног амарсан. Энэ нь цаг агаарын байдал хүндхэн байсантай холбоотой. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдүүдэд тулгарч болох эрсдэлийг бодолцон амралтын хугацааг уртасгасан. Өвөл олон хоног амраасан болохоор энэ хаврын амралтын хугацааг долоо хоногоор багасгаж байна. Бага, дунд, ахлах ангийнхан бүгд нэг долоо хоног амарна.

-Хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор гэж ойлгож болох уу. Зуны амралт эхлэх хугацаа бас хойшлох уу?

-Бага ангийн хүүхдүүдийн хичээл хуваарьт хугацаандаа багтахгүй байгаа. Тэгэхээр бага ангийн хүүхдүүд зургадугаар сарын 8-9-ний үеэр амарна. Өмнөх жилүүдэд зургадугаар сарын 1 гэхэд амарчихсан байдаг байсан. Дунд, ахлах ангийнхан бол хуучнаараа амарна. Ер нь цаашид өвөлдөө урт, хавар, намартаа бага амрах тогтолцоонд шилжинэ.

-Цаашид иймэрхүү байдлаар амарна гэсэн үг үү?

-Гадаадын олонхи оронд ерөнхий боловсролын сургуулиуд нь сурагчдаа өвөлд нь урт хугацаагаар амраадаг тогтолцоотой. Манайх ч мөн энэ тогтолцоог бий болгохын тулд өнгөрсөн өвлөөс туршиж эхэлсэн. Тэгэхээр цаашид ийм тогтолцоотой болно гэж ойлгож болно. Өвөл удаан амрах нь хүүхдүүдэд ч хэрэгтэй.

С.ЦЭРЭНДЭЖИД
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж