Түлэнхийн төв хаана байна, сайд аа

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төв хаана байна, сайд аа

Хоёрхон хоногийн өмнө нэг гэр бүлийн зургаан гишүүнийг нутаглуулчихаад нүдэндээ нулимстай, сэтгэлдээ  гунигтай буцаж билээ. Аав, ээж, эгч дүү, эхнэр, нөхрийг нэг дор оршуулчихаад даанч дээ гэх харамсал тээн, бүхэл бүтэн нэг гэр бүлээс хүн үлдсэнгүй гэхээс өөрийн эрхгүй хоолой зангирч байв. Гэтэл дөнгөж маргааш нь ажил дээрээ ирээд сонингоо гарчиглаж суутал дахиад нэг гэр бүлийн долоон хүн галд өртөж, амиа алдлаа гэсэн харамсалтай мэдээ сонслоо. Худлаа байлгүй дээ, арай ч дээ. Хоёр чихэндээ ч итгэсэнгүй. Нэг гэр бүлийн зургаан хүнийг нутаглуулаад нулимс нь  хатаагүй байхад дахиад долоон хүн шатчихсан гэв үү. Улаан гал дүрэлзэж, эрдэнэт хүний амь насыг авч одсон гуниг, харуусал, нулимстай долоо хоног дуусахад дахиад л нэгэн таагүй мэдээлэл сонсох нь тэр. Хэргийн үнэн мөнийг тодруулахаар ОБЕГ руу утас цохилоо. Харамсалтай нь миний сонссон аймшигт мэдээ үнэн байв. Хоёрхон хоногийн өмнө нэг гэр бүлийн зургаан гишүүнийг нутаглуулахаар 361 дүгээр гарамыг зорьсон. Гэтэл дахиад л энд долоон хүн гэртэйгээ шатчихаж. Яг үнэндээ 361 дүгээр гарам руу явахаас зүрхшээж байсан ч үзэг, дэвтрээ цүнхлээд хэргийн газарт очих үүрэгтэй бид замдаа гарлаа.

Гэрт 0-4 насны гурван хүүхэд, дөрвөн том хүн байжээ

НОБГ-ын аврагчид хэргийн газарт ажиллаж байгаа учраас бид шууд 361 дүгээр гарамыг зорилоо. Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо буюу 361 дүгээр гарам нийслэлээс 40 орчим км-ийн зайд оршино. 361 дүгээр гарамын цаана  орших “МТ”  ШТС-ын баруун энгэрт байх хэдэн бор гэр. Энэ хавийн айлуудыг 361 дүгээр гарамын задгай хэмээн нэрийддэг аж. Хотын түгжрээнд багагүй цагийг зарцуулсан  биднийг хэргийн газарт очиход НОБГ-ын аврагчид болон цагдаа, шүүх эмнэлэгийнхэн ажиллаад буцсан байлаа. Тиймээс хөрш айлын залуугаас болсон үйл явдлын талаар тодруулсан юм.

М.Батболд: Талийгаачийн том охин нь амьд үлдсэн  

-Өнөөдөр /өчигдөр/ өглөө болсон хэргийн талаар тодруулахгүй юу?

-Манай хойд айл үүрээр шатаж байсан. Бид унтаж байсан болохоор эхлээд юу ч мэдээгүй. Ямартай ч урд шөнө маш их салхи, шуургатай байсан. Тэгээд манай гэр бүлийнхэн галаа түлчихээд эрт хэвтэцгээсэн юм. Гэтэл үүрээр 05.30 цагийн үед гэнэт л айл шатаж байгааг мэдсэн. Бид аврах гэсэн боловч гал руу ойртох ямар ч боломж байгаагүй. Намайг гарахад гэрийн ихэнх хэсэг нь шатчихсан байсан. Үүднээсээ эхлээд шатсан байсан. Биднийг гараад харахад гэрийн хоймор хэсэг нь шатаж байсан. Бусад нь юу ч үгүй шатчихсан байсан юм.

-Гэрт хэчнээн хүн байсан юм бэ?

-Шатсан гэр бүл бол Э-гийнх гэдэг айл. Эхнэрийг нь Б гэдэг байсан юм. Эднийх 0-10 насны гурван хүүхэдтэй айл байсан. Эхнэр нь төрөөд удаагүй, таван сартай нялх хүүхэдтэй айл байсан. Гал гардаг шөнө гэрт 0-4 насны гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан  юм. Эрдэнэтээс  хамаатных нь хүмүүс хүүхдүүдтэйгээ ирсэн байсан гэсэн. Гэтэл гай таарч Э-гийнх шатсанаар бүгд галд өртөж амиа алдсан. Нэг ч хүн амьд үлдээгүй.

-Талийгаач Э­-гийн том охин нь амьд үлдсэн юм уу?

-Тийм. Том охин нь хотын төвд сургуульд сурдаг учраас өвөөгийндөө байдаг байсан. Зөвхөн амралтын өдрөөр л гэртээ ирдэг байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэртээ ирчихээд даваа гарагт явсан. Тэр охин ус уух хувьтай л хүүхэд байж дээ.

-Танай хөрш айл юунаас болоод шатчихав. Галд өртөв үү, эсвэл гадны нөлөө байсан уу?

-Яагаад шатсаныг нь би мэдэхгүй. Урд орой нь хэрэлдэж, маргасан ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Тиймээс миний хувьд дээрх үйлдлийг санаатай гэж хэлэхэд хэцүү. Золгүй тохиолдол байсан болов уу л гэж бодож байна. Учир нь урд шөнө маш их салхи, шуургатай байсан. Тэгээд гал алдсан юм болов уу, эсвэл гэрлийн утаснаас болж шатсан юм уу. Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч өглөө эрт НОБГ, цагдаа, шүүх эмнэлгийн шинжээчид ирээд явсан.

-Галын  дуудлагыг хэн өгсөн юм бэ?

-Бид шөнө унтаж байсан болохоор мэдээгүй юм. Харин энүүхэн дор байгаа “МТ”  ШТС-ын шөнийн ээлжинд гарч байсан ажилтан гал гарч байгааг хараад дуудлага өгсөн гэсэн.

-Танайх энд нүүж ирээд хэр удаж байна. Шатсан гэр бүлийн хувьд хаанаас нүүж ирсэн бэ?

-Манайх энд нүүж ирээд удаагүй байгаа. Энүүхэн хойд энгэрт өвөлждөг байж байгаад өнгөрсөн жилээс 21 дүгээр хороонд нүүж ирсэн юм. Харин шатсан айлын хувьд Эрдэнэтээс  нүүж ирээд хоёр жил болж байгаа гэсэн. Сайн танихгүй болохоор нэг их орж, гардаггүй байсан юм. Хотод ирж, очоод олон жил болж  байгаа гэсэн. Харин сүүлийн хоёр жил энд суурин амьдарсан.

Талийгаач Э нь ШШГЕГ-ын харъяа 450 дугаар хорих ангид хянагчаар ажилладаг байсан гэв  

М.Батболд бидэнд ийн яриад гадуур ажилтай хэмээн явж одов. Харин энэ үеэр талийгаач н.Эрдэнэбаатарын холын хамаатнууд ирж таарсан юм. Тэд галд өртсөн хамаатнуудыхаа талаар телевизийн мэдээнээс сонсоод ирж байгаа нь энэ гэнэ. Харин талийгаачийн ах, дүү нар нь Эрдэнэтээс ирж байгаа гэв. Талийгаач Э-гийн эхнэр Б нь галд өртөж амиа алдсан Т нар төрсөн ах дүүс аж. Улмаар хэрэг гардаг шөнө талийгаач ах нь эхнэр хүүхдийн хамт ирсэн байжээ. Хот орох далимаар төрсөн дүүгийндээ зочилсон энэ гэр бүлийнхэн гайтай тэр шөнө галд өртөж амиа алдана чинээ бодоогүй нь лав.

н.Түвшинжаргал: Эгч маань таван сартай нялх хүүхэдтэй байсан

-Би талийгаач Б-гийн нагац эгчийнх нь хүүхэд. Золгүй явдал тохиолдсон талаар бид телевизийн мэдээнээс хараад ирж байгаа нь энэ. Эгч маань шинэ оны өмнөхөн төрсөн, нялх хүүхэдтэй байсан. Харамсалтай нь гэр бүлээс нь том охин нь амьд үлдсэн байна. Маш их харамсч байна.

Тэрбээр, ийн яриад шүүх эмнэлэгийнхэнтэй уулзана хэмээн явлаа.

Харамсалтай нь аймшигт галаас хэн ч тэдний амийг аварч чадсангүй. Бид шатсан гэрийн буурин дээр очлоо. Нүд ирмэхийн зуур эзэдтэйгээ шатаж, нурам болсон гэрийн буурийг эсгий туургаар хучиж орхижээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа болохоор бид ойртох эрхгүй. Дэмий л гаднаас нь харж, тавхан сартай нялх хүүхэд шатсан гэж бодохоор зүрх шимширч байлаа. Эндээс гараад бид  галын дуудлага өгсөн “МТ” ШТС-ын ажилтан н.Бат-Эрдэнэтэй уулзсан юм.

н.Бат-Эрдэнэ: НОБГ-ын аврагчид цаг алдалгүй ирсэн ч амийг нь аварч чадсангүй

-Би гал гарах үед шөнийн ээлжинд ажиллаж таарсан. Тэгээд гал гарч байгааг хараад дуудлага өгсөн. Харин НОБГ-ын аврагчид 25 минутын дотор л давхиад ирсэн. Намайг очиход гэр аль хэдийнэ шатчихсан байсан. Угаасаа монгол гэр бүрэн тавилгатайгаа 10 хүрэхгүй минутын дотор л шатаж дуусдаг юм шүү дээ. Хэдийгээр НОБГ-ын аврагчид цаг алдалгүй ирсэн ч гэр бүлийнхний амийг нь аварч чадаагүй. Миний хувьд гэрт бага насны хүүхдүүд байсанд маш их харамсч байна. Бүр ойндоо ч хүрээгүй нялх хүүхэд байсан гэсэн. Үнэхээр харамсалтай явдал боллоо.

Талийгаач Э нь ШШГЕГ-ын харьяа 450 дугаар хорих ангид ажилладаг байжээ. Хэрэг гарах шөнө ажлаа тарж ирээд гэртээ амарч байсан аж. Бид ШШГЕГ-ын харьяа 450 дугаар хорих ангийн дарга н.Батсайхантай утсаар холбогдож, түүний талаар тодруулахад “Тэрбээр талийгаач Э нь 450 дугаар хорих ангид хянагч хийдэг байсан. Харамсалтай нь түүний гэр бүлийнхэн галд өртөж, амиа алджээ. Хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Хариуцсан хэсэгт нь долоон хүн гэртэйгээ шатчихаад байхад мэдээгүй гэв

361 дүгээр гарам Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд харьяалагддаг. Тиймээс ч бид хэргийн талаар тодруулахаар 21 дүгээр хороог зорьсон юм. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо хэргийн газраас 18 км-ийн зайд буюу олны нэрлэж заншсанаар Партизанд байдаг юм билээ. Харин биднийг очиход тус хорооны дарга нь болон хэсгийн ахлагч нь эзгүй  байв. Тиймээс бид хэсгийн ахлагч н.Оюунцэцэгтэй утсаар холбогдоход “Би энэ талаар сайн мэдэхгүй. Хотод сургалтад сууж байна. Тэгээд ч наад айл чинь манай хороонд харьяалалгүй, түр оршин суугч” гэв. Хэсгийн ахлагч н.Оюунцэцэгийн энэ хариулт чихэнд нэг л хөндий сонсогдсон. Өөрийнх нь хариуцдаг хэсэгт бүхэл бүтэн долоон хүн шатчихаад байхад мэдээгүй яваа энэ эмэгтэйн үг дэндүү хүйтэн, хөндий сонсогдсоныг нуух юун. Уг нь хорооны дарга, хэсгийн ахлагч нар хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой. Хэчнээн түр оршин суугч ч гэсэн хорвоод мэндлээд удаагүй нялх үртэйгээ хамт шатсан энэ гэр бүлд тэд  хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой. Харамсалтай нь энэ эмэгтэй хэргийн талаар сонсоогүй төдийгүй сургалтад сууж яваагаа утасны цаанаас мэдэгдсэн. Харин талийгаач Э-гийн ах н.Эрдэнэ-Очир дүүгийнхээсээ холгүй амьдардаг аж.  н.Эрдэнэ-Очиртой уулзах гэсэн боловч хотын төв рүү ажил хөөцөлдөхөөр явсан гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа тул бид тийш хөдөллөө. Бид хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан Д.Ууганбаяраас тод­руулахад тэрбээр “Бид өнөөдөр /өчигдөр/ өглөө 06.00 цагт дуудлага авч хэргийн газарт очиж шалгасан. Бид Нийслэлийн цагдаагийн газартай хамтран хэргийг шалгаж байна. Олон хүний амь нас хохирсон, том хэрэг учраас шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан хойно галын шалтгаан тодорхой болно. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Эндээс гараад НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Эрдэнэбаатар: Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар галын шалтгаан тодорхой болно

-Галын шалтгааныг тодруулсан уу?

-Өнөөдөр /өчигдөр/ өглөө бид 05.30 цагт ирсэн дуудлагын дагуу хэргийн газарт очсон. Харамсалтай нь хэргийн газарт очиход гэр хэдийнэ шатаад дуусчихсан байсан. Гэрт долоон хүн байсан юм билээ. Амийг нь аварч чадсангүй. Галын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан хойно мэдээлэл өгөх боломжтой.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах юм бэ?

-Олон хүний амь нас эрсэдсэн том хэрэг учраас шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хугацааг товлож мэдэхгүй байна.

Хэдхэн хоногийн дотор зургаа, долоогоороо гурван ч гэр бүл шатлаа. Дээрээс нь зуурдаар, өвчнөөр жилд хэчнээн хүн хорвоог орхиж байгаа бол. Бидний хэдэн монголчууд балмад этгээдийн гарт, хариуцлагагүй этгээдээс болж хэдхэн хоногийн зайтай шатаж, гэмтэж амиа алдаж байна. Хот төлөвлөлтийн тухай бид олон жил ярьж байгаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, хаягжуулах гэсээр байтал цөөхөн монголчууд  шатаж, бусдын гарт хорлогдож дуусах нь. Хайлаастад гарсан хэргийн үеэр НОБГ-ын аврагчид төөрч цаг алдсан, харин энэ удаад үүрээр байсан болохоор шуурхай ирсэн байна. Хотын баруун захын дүүргийн алслагдсан хорооны иргэд. Хаврын хахир өдрүүдэд тэд жиндүү гэрт зутруухан амьдарч байна. Энэ айлуудтай хаяа дэрлэн “МТ” ШТС оршдог. Дээрх айлуудын хувьд дэндүү эрсдэлтэй, аюултай орчинд амьдарч байна. Эхний удаа гарсан гал долоон хүний амийг авч одлоо. Дараагийн удаа гал гарахгүй гэх баталгаа байхгүй. Гэтэл айлуудтай хаяа дэрлэн ШТС үйл ажиллагаа явуулж байдаг. Хэдхэн хоногийн дотор зургаа, долоогоороо ч галд өртөж, амиа алдлаа. Хоногт хэдэн арван хүмүүс ямар нэгэн байдлаар түлэгдэж байна. Гэтэл улсын хэмжээнд ганц байдаг Түлэнхийн төв нь хувийн эмнэлгийн байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж буй. Хот төлөвлөлт, аюулгүй амьдрах орчин, эмнэлэг, хариуцлага, хатуу чанд хууль, дүрэм үгүйлэгдсэн монголын нийгэмд иргэд амь насаараа хохирсоор байх уу.

Х.ӨНӨРЖАРГАЛ

Одоогоос 56 жилийн өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа О.Дашийн нэрэмжит Арьсны түлэнхийн эмгэгийг нөхөн сэргээх эмнэлэг буюу бидний нэрлэж заншсанаар Түлэнхийн төв ашиглалтад орж байсан түүхтэй. Энэ цагаас хойш хамаг нөөцийг нь барагдтал ашигласаар өнөөдөр эл байшинг нурааж, оронд нь шинээр долоон давхар Түлэнхийн төвийг барьж сүндэрлүүлэх “үлгэр”-ийг миний мэдэхээр арав гаруй жил ярьж өглөө, ЭМЯ-ынхан. Уг нь МХЕГ-аас энэ байшинд эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ явуулж болохгүй гэж удаа дараа акт тогтоож, бүр нураах хүртэл шийдвэрийг гаргасан ч эл эмнэлгийнхэн өөр эмнэлгийн байргүй тул хана нь цуурч, мөөгөнцөртсөн, өмхий чийг үнэртсэн байшиндаа түлэнхий, осголт, хөлдөлтийн шархтай хүмүүстэйгээ өдөр шөнөгүй ноцолдож байсан. Өөр яах ч билээ дээ, эмнэлгийг нь нураагаад шинэ байшин барьж өгөх чадвартай яам, тамгын газартай биш. Гэтэл энэ хооронд их асуудал үүслээ. Өвлийн хүйтэн жавар арилсан ч өнөөдөр тийм ч их дулаарчихаагүй байна. Тиймээс осголт, хөлдөлттэй хүмүүс ихэссэн, мөн гэр бүлээрээ галд өртөж, түлэгдэж шархадсан хүмүүс олширох боллоо. Ийм үед өнөөх шинэ долоон давхар Түлэнхийн төв чинь үгүйлэгдээд байх юм.

Балгас болсон Түлэнхийн төв

Түлэнхийн төвийн хуучин байран дээр очлоо. Тэнд урьд нь хэн ч байгаагүй юм шиг балгас болсон байшин, энд тэндээс нь нураад уначихсан сиймхий хашаа. Үүдэнд нь цагаан өнгөтэй портер машин зогсоно.

Осолдохгүй бүрэн нураачих­аагүй болохоор дотор нь байгаа тоосго, энэ тэрийг нь зөөж байна. Харин энэ байшинг тун удахгүй буулгана гэсэн сургийг тус төвийн хашаанд буусан манаач эмэгтэй дуулгалаа. Үүнээс өөр тэнд ямар ч мэдээлэл алга. Гүйцэтгэгч гээд байгаа компанийнхан нь ч алга. Цонх, хаалгагүй балгас болсон байшин хэзээ нураах бол гэж хүлээж байгаа аятай дүнсийнэ. Эмнэлгийг ГССҮТ рүү нүүлгэхийн өмнөхөн энэ эмнэлгийн үүдээр ороход эм тариа, өмхий чийг ханхалж, энд тэндгүй мөөгөнцөртөж, хөгцөрсөн байсан билээ. Мөн хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон /нурчихсан ч байж болох/ цууралттай тааз, дээвэр зэргийг харахад орох нь бүү хэл ойртож ч очихын аргагүй байсансан.

Тиймээс сүүлийн хэдэн жилд эмнэлгийн эмч, ажилтнууд салбарынхаа сайдад, төр засгийн эрх барьж буй албан тушаалтнуудад хүсэлт тавьж, олон удаа хүсэлт илгээж, гуйсан боловч хэн нь ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд ГССҮТ-ийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч С.Отгонгэрэл, Түлэнхийн төвийн дэд захирал Б.Бат-Оргил зэрэг албаны хүмүүс бүтэн дөрвөн жилийн хугацаанд хөөцөлдөөд, зураг төслийг нь гаргуулж, ТЭЗҮ-ийг нь хүртэл гаргачихаад хөрөнгийг нь шийдүүлэх гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй байна. Бүх зүйл нь бэлэн, одоо 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихвэл өнөөх үлгэрт гардаг долоон давхар Түлэнхийн төв сүндэрлэх боломжтой.
 

Энэ эмнэлэг яагаад хэрэгтэй вэ

Хуучин Түлэнхийн төв байхад тус төвөөр өдөртөө 30-40 хүн эмчлүүлдэг байсан. Энэ бол улсын хэмжээнд ганцхан байдаг эмнэлэгт ахадсан тоо. Гэтэл сүүлийн үед өдөртөө л 6-7-оороо галд өртөж, эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлж байгаа. Яг л ийм хүнд хэцүү үед өнөөх эмнэлгийнхэн маань хувийн эмнэлгийн хоёр давхарт толгой хоргодож, тал хэсэг нь ГССҮТ-ийн Тархи, нуруу нугасны 80 ортой тасгийн ихэнх хувийг эзлэн эмчилгээ үйлчилгээгээ явуулж байна. Гэтэл бүрэн чадлаараа ажиллах ёстой Тархи нуруу нугасны тасгийнхан бас л ачааллаа дийлэхгүй байгаагаа дуулгаж байна билээ. Арга ч үгүй биз, зам тээврийн ослоор өдөртөө хэдэн зуун хүн гэмтэж бэртэж байгаагийн нэлээд хэдэн хувь нь ийм гэмтэлтэй байдаг. За тэгээд, түлэгдсэн, хөлдсөн, осгосон, тархи нуруу нугасны өвчтэй хүмүүсийн сахиурууд гээд л тоо тоймшгүй олон хүн тэнд багтаж шингэхгүй байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд биеийн байдал нь хүнд хэдий ч арай гайгүй хүмүүсээ дүүрэг рүү шилжүүлэх, гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөөг нь өгөөд гаргаж байгаагаа учирлаж байна. Энэ бол өдөр шөнөгүй өвчтэй хүмүүстэйгээ ноцолдож, тэднийхээ амийг аврах гэж хичээдэг эмч, сувилагч, асрагч нарын буруу биш ээ. Энэ бол бодлого шийдвэр гаргадаг яам, Тамгын газар, төр засгийн л буруу. Бүхэл бүтэн улс байж, ганц эмнэлгийн барилга барих төсөв хөрөнгийг шийдчихэж чаддаггүй яачихсан төр засаг, сайд дарга нар байдаг юм бэ.

Хувийн эмнэлгийн байрыг хэдий болтол түрээслэх вэ

Шинээр баригдах долоон давхар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй арьсны түлэгдсэн, хөлдсөн гээд нөхөн сэргээх, судас, арьс, яс шилжүүлэн суулгах бүхий л төрлийн эмчилгээг хийх шинэ эмнэлгийн сураг чухам яагаад тасрав. Энэ эмнэлгийнхэн яагаад хувийн эмнэлгийн байрыг түрээслэх ёстой юм бэ. Олигтойхон зөвлөгөө өгчихөж чаддаггүй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байрыг суллаад оруулчихвал яасан юм бэ гэх иргэдийн бухимдсан санал сэтгүүлч бидэнд их ирдэг. Энэ бүх асуултад хэн хариулах ёстой юм бэ.

Салбарыг толгойлж байгаа сайд нь, эмнэлгийн дарга нар, цаашлаад хөрөнгө санхүүг нь шийдэж өгөх ёстой Эдийн засгийн хөгжлийн яам гээд хариулт өгөх хүмүүс уг нь байна аа. Гэвч тэдэнд үнэндээ ямар ч мэдээлэл алга. Бараг “Өө тэр эмнэлэг чинь одоо байгаа юм уу, нураагаагүй байна уу” гэж асуултдаа хариулт авах гэсэн бидний өөдөөс асууж байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Эрүүл мэндийн салбарын нэгээхэн хэсэг болсон энэ эмнэлгийг хурдан ашиглалтад оруулахгүй бол хувийн эмнэлгийн байранд хэдий болтол толгой хоргодох билээ дээ.

Өндөр оффисууд хэдхэн сарын дотор, харин эмнэлэг…

Нэгэнтээ Түлэнхийн төвийн дэд захирал Б.Бат-Оргил “Манай эмнэлгийн өнгө үзэмж ч дүүрч. Хамгийн гол нь эмчилгээ үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж болохгүй байна. Байр байшингийн асуудлыг төр засаг шийдээд өгчихмөөр юм” гэж бухимдлын үгээ дайсан юм. Аргагүй шүү дээ, энд эмчлүүлж байгаа хүмүүсийн 70 хувь нь хүүхэд, тэднийх нь бараг 90 хувийг 0-5 насныхан эзэлдэг. Ийм л хүмүүсийг өөрсдөө учраа ол гээд хөсөр хаяж байгаа төр засгийнхан өндөр шилэн оффисуудаа хэдхэн сарын дотор л барьчихдаг биз дээ.

Гэтэл Эрүүл мэндийн өмнөх сайд Н.Хүрэлбаатарын үед 2013 оны төсөвт “Түлэнхийн эмнэлгийг барих төсвийг тусгана” гэж байсан ч энэ оны төсөвт сураг нь ч гараагүй. Ингэж байтал салбарын сайд нь солигдоод, эмнэлгийн дарга нар нь огцорлоо. Ингээд бүр ч сураг тасрав. Өнгөрсөн хавар албаны эх сурвалж “Тун удахгүй Түлэнхийн төвийг барих болно. Зураг төсөл нь бараг гарчихсан. Барилга барихад нийт 14.6 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Хамгийн гол нь эмнэлгийг нүүлгэчихвэл болох нь тэр” гэж хэлж байсан. Тэгвэл өнөөдөр тэнд хэн ч алга. Нүүчихсэн байна, одоо юу хүлээнэ вэ. Монголчуудад эмнэлэг хэрэгтэй байна, түүнээс биш хэн нэгэн улстөрчийн худал амлалт огтхон ч хэрэггүй. Энэ талаар эргээд л Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал асан С.Отгонгэрэлээс асуухад “Түлэнхийн төвийг барихад 20 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй.

Ингэж байж гайгүй эмнэлэг барихгүй бол өдгөө Монголд ороод үзүүлэх олигтой эмнэлэг ч алга. Үнэндээ эмнэлэг ус, агаар шиг хэрэгтэй байна. Бид Түлэнхийн төвийн хуучин байсан газар дээр нь барилга барих газрын зөвшөөрлийг нь авчихсан. Гэтэл бүх төсөл нь Эдийн засгийн хөгжлийн яаман дээр очоод гацчихсан байна лээ. Удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх юм гэсэн. Франц, АНУ зэрэг гадны орнуудын эмч нар ирж арьсны нөхөн сэргээх эмч нараас туршлага солилцох, сургалт явуулах гэхээр орчин нөхцөл чинь муу байна гээд дурамжхан буцдаг” гэж байсан. Эмч мэргэжилтнүүд санаа зововч, сачий нь хүрэхгүй байна. Сайд дарга нараа ганцхан гарын үсгээр галд шатаад байгаа иргэддээ Түлэнхийн төвийг нь барих асуудлыг шийдээд өгөөч.

Хуучин байрыг нь нураачихаад газрыг нь битгий зарчихаарай даа

Ингэж хугацаа алдаж, хэн тендэрт ялах бол, энэ эмнэлгийг барих уу, үгүй юу гэж байтал төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд эмнэлгийн газар дээр оффис барьчих вий дээ. Түлэнхийн төвийн Арьсны нөхөн сэргээх тасгийн эрхлэгч О.Хишигсүрэн “Түлэнхийн төвийн зүүн талд барьсан орон сууцны барилгад эмнэлгийн хэсэг газар нь орчихсон. Бид өчнөөн удаа хэрэлдэж, тэмцээд дийлээгүй. Одоо тэнд ямар ч эзэнгүй юм чинь хэн дуртай нь дайрахад бэлэн байгаа байх. Төрөөс шинэ байр барих мөнгийг нь хурдан шийдээд өгчихвөл дээр юмсан” гэж халаглаж байсан. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс сөөм ч газар үлдээхгүй авчихдаг болсон өнөө цагт Түлэнхийн төвийн байршил “өлөн нүдтэй” нэгний шуналыг хөдөлгөж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Гуйж байна, Түлэнхийн төвийг барих мөнгийг түргэн шийдээд өгөөч, сайд нар аа.

Э.ТУУЛ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж