
Дөрвөн бүлэгт энэ балетын нэрийн үгийн үндэс нь Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтай холбоотой аж. Бахчисарай нь Төв Крым гэдэг газрын дунд байх нэгэн жижиг хот юм. Крым нь Крым Канатын төв бөгөөд энэ үгийн үндэс нь “хэрэм ханат” гэсэн монгол үг байх магадлал асар өндөр гэж үздэг. Учир нь Монголчууд Хүннү гүрнээс хойш энэ нутгаар олон удаа аян дайн хийж байжээ. “Бахчисарайн оргилолт булаг” хэмээх энэ балетыг 1823 онд бичсэн А.Пушкины шүлгээс сэдэвлэжээ. 1934 онд Сант Петербургт одоогийн алдарт Марийнский театрт “Кировын дуурь бүжгийн театр” байхад нь анх тайзнаа тавьжээ. Сонирхуулахад Бахчисарай нь Ялтын орчимд байдаг XVI зууны үед баригдсан хэрэм бөгөөд нэгэнтээ эвдэрч сүйтгэгдсэн боловч одоогоор сэргээн засварлаад байгаа аж. Уг балетад гардаг усан оргилуур одоог хүртэл оргилсоор байгаа бөгөөд түүнийг “Нулимсан оргилуур” гэж нэрлэдэг гэнэ.
М.Дөл