Хүний мөн чанарыг яаж ч гүтгэж, дарамтлаад өөрчилж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Хүний мөн чанарыг яаж ч гүтгэж, дарамтлаад өөрчилж чадахгүй

Монголын эдийн засаг, улс төрийн салбарт өөрийн хүчээр өндийж боссон бүсгүйчүүд цөөхөн бий. Тэдний нэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Ц.Гарамжав юм. Улс орон шилжилтийн хүнд үеийг туулж байсан тэр жилүүдэд уул уурхайн салбарт томоохон компани удирдан ажиллаж, шилдэг мэргэжилтэн төдийгүй менежер болохоо харуулсан түүнийг хүндлэх, хүлээн зөвшөөрөх хүн олон байдаг. Дэд сайдын албыг ердөө зургаан сар хаших хугацаандаа бензиний үнийг тав дахин буулгаж, төрийн аливаа шийдвэрийг ард иргэдийн талд гаргах ёстой гэсэн байр суурь, зарчмаа илэрхийлж байсан. Мөн  энэ салбарыг мэргэжлийн хүний нүдээр харж, уул уурхайн үйлдвэрлэлийг хариуцлагатай явуулж, байгаль орчны нөхөн сэргээлэлтийг үлгэр жишээгээр хийж, эрдэс баялгийг хойч үедээ өвлүүлж үлдээх, эрдэс баялгийн санд хуримтлал төвлөрүүлэх ёстой гэдэг хатуу байр суурийг одоо ч баримталдаг. Энэ хэрээр улс төрд цаашид ч хол явахаар дэмжлэг, рейтингтэй.

Тийм ч учраас түүний нэр хүндэд халдах гэсэн сонирхол өрсөлдөгчдөд нь байдаг бололтой. Саяхан түүний талаар дэндүү гэмээр мэдээлэл долоо хоног тутмын нэр бүхий сонинд нийтлэгдсэн байна. Тодруулбал, Булган аймгийн нутагт байх Мөнгөн уулаас хүрмэн чулуу олборлохын тулд шарилын газар хөндөж байна гэсэн мэдээлэлд түүний нэрийг холбож, тун хатуу, бүдүүлэг үгсээр илэрхий дайрч доромжилж бичсэн байгаа юм. Энэ талаар өөрөөс нь тодруулахад “Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэлюм. Намайг ЭБЭХЯ-ны дэд сайдын албан тушаалыг хашиж байх хугацаанд  Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдоогүй, тэнд ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл огт өгөөгүй болно. Худал мэдээллээс гадна хүнийг байж боломгүйгээр хэлсэн, сүрдүүлсэн, фашист өнгө аястай ийм зүйл нийтэлсэн “Тэргүүн” сонины ажилтан Цоож, Чулуунцэцэг, Цэрэнжаргал нарыг хариуцлагынх нь дагуу шалгах хуулийн байгууллагад өгөөд байна. Би шашин шүтлэгтэй хүн. Гэтэл шарилын газар ухаж яваа гэхчлэн тийм ёс бус зүйлд холбож, мөн чанарын маань эсрэг зүйлээр намайг дарамтлах гэж оролдож байгаа хүмүүс гэм зэмээ асуулгах ёстой. Хэвлэн мэдээллэх эрх чөлөөг бусдыг үндэслэлгүйгээр дарамтлах, захиалгаар муучлах, хүний сэтгэлзүйд халдан дарамтлах зэвсэг болгон ашиглаж болохгүйг нийгмээрээ ярьж байна. Би бизнесийн салбарт ажиллахдаа олон ч саад бэрхшээл үзэж, иймэрхүү дайралтыг за яахав гээд л өнгөрөөсөөр ирсэн. Ганцхан намайг бус бизнес, улс төрийн салбарт соёлтой эрүүл ухаанаар өрсөлдөж чадахгүй аргаа барсан хамгийн шударга бус хэлбэрийг сонгон авсан этгээдийг оюун ухаан руу зэрлэгээр дарамтлан дайрагч гэж хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол ардчиллын чухал үнэт зүйл боловч нөгөө талаар бусдын эрх чөлөө, нэр хүндийн эсрэг ашиглах арга зэвсэг болж болохгүй” гэж хэллээ.

Булган аймагт өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшихээр яригдаж байсан тэрбээр тухайн үед тус тойрогт хамгийн өндөр рейтингтэй байв. Үүнээс болоод Булганы тойргийг тойглож байсан олон горилогч түүнийг бай болгож, баалж эхэлсэн. Мөн саяхан Булган аймгийн МАН-ын хорооны хурал болж, тус хурлаар аймгийн намын хорооны удирдлагуудыг сольсон бөгөөд дээрх гүтгэлэг ч үүнээс үүдэлтэй байж болох талтай. Тус хурлын үеэр Ц.Гарамжав нь аймгийн намын хороог шинэчлэх эрмэлзэлтэй залуусыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Энэ байр суурь намын жирийн гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн юм. Энэ мэт шалтгаанаар түүний нэр хүндийг гутаах, өөрийг нь мохоох зорилгоор хэвлэлээр дайрч байгаа биз ээ.

Угаасаа эрчүүдийн хатуу тоглоом болж хувирсан улс төрд шинэ хүн орох, тэр дундаа эмэгтэйчүүд гарч ирэх амаргүй болсон. Улс төрийг хот хөдөөгүй улам бүр бохир, хатуу, цаашилбал албан тушаалын наймаа болгож байгаа эздүүд байгаа. Эрх мэдэл, эд баялгийн хуваарилалтад хүрэх арга хэрэгсэл гэх өнцгөөр улс төрийг харж, улам бүр шунаж, зөвхөн өөрсдөө ээлж дараагүй эзэгнэж байх гэсэндээ юу ч хийхээс буцахаа байсан этгээдүүд одоо болимоор юм. Та нарын үйлдэл арай  хэтэрч байна гэдгийг хэлмээр байна.

Хэвлэл олон нийтийн хэрэгслийг яаж хүний оюун ухааныг дарамтлах зэвсэг болгодгийг харуулсан тэрхүү өгүүллийг мэргэжлийн шинжээч нараар тайлбар хийлгэн нийтлэх болно.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж