
Хорт хавдраар өвчлөн Герман улсад эмчлүүлэхээр явсан жүжигчин Б.Баатархүү удахгүй эх орондоо ирэх гэнэ. Тайз, дэлгэцийн алинд ч инээд бэлэглэн, алга ташилтаар шагнуулдаг авьяаслаг жүжигчдийн нэг Б.Баатархүү мянгад ганц тохиох маш ховор өвчнөөр өвдөж удаан хугацааны турш эмчилгээг хийлгэсэн ч биеийн байдал нь улам муудсаар байсан юм. Гурван ч удаа хагалгаанд орсон түүнийг ХБНГУ-ын эмч нар тун ховор тохиолдох өвчнөөр өвчилсөн хэмээн оношилсон. Түүний эмчилгээнд их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон учир хошин урлагийн мастерууд “Халуун сэтгэл” хэмээх хандивын тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд “UB Palace”-т амжилттай зохион байгуулж эмчилгээний тал зардлыг цуглуулж чадсан.
Монголчуудын халуун сэтгэл жүжигчин Б.Баатархүүд маш их урам зориг хайрлаж, тэрбээр дөрөв дэх хүнд хагалгаагаа амжилттай даван гарчээ. Одоогоор Б.Баатархүү ХБНГУ-ын эмнэлэгт хагалгааны дараах эмчилгээг хийлгэж байгаа гэх чихэнд чимэгтэй мэдээг дуулгахад таатай байна. Тэрбээр энэ сарын сүүлээр эх орондоо ирэх бөгөөд, Монголдоо ирээд үзэгчидтэй уулзаж, инээд хөөр бэлэглэхээр тун ч их яарч байгаа сурагтай.
М.Урин